Батцагаан цогчин дуганыг нээж, олон улсын "Самвад" хурал эхэллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-06 15:49:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэг Батцагаан цогчин дуганыг нээх  ёслол өнөөдөр болов. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын зарим гишүүд оролцлоо.



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Самвад III” олон улсын хуралд оролцохоор ирсэн хүндэт дээд зочид төлөөлөгч, эрдэмтэд, хуврагуудад  мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Тэрбээр "Монголын бурханы шашны түүх, соёл, өв уламжлалыг хадгалж ирсэн Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд түүхэн мөрөө үлдээсэн сайхан үйл явдлууд учран тохиож байна.

Монголчуудын итгэл сүсгийн орон анхдугаар богд Өндөр гэгээнтний шав суурийг тавьж, бүтээн босгосон Риву гэжай Гандан шадүвлин буюу их хүрээний “Батцагаан цогчэн дуган” энэ цагт шинээр баригдан байгуулагдлаа. Батцагаан цогчэн дуган байгуулагдсан тэр цагаас Монголын бурханы шашны эв эеийн бэлгэдэл, ном бүтээлийн нийтийн орон, удирдлага зохион байгуулалтын төв газар болж ирсэн уламжлалтай. Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цогчэн дуганаа дахин босгох болсон тухай төр засагт хандсан. Монголын төрөөс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурханы шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас Монголын ард иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин боломжийг бүрдүүлсэн, тэд бүгдийн сэтгэлд нийцсэн үйл явдал болсон билээ.

Хүн төрөлхтний өмнө олон зүйлийн бэрхшээл тулгарч байна. Шим ертөнцийн хямрал зөрчил, сав ертөнцийн буурал доройтол бүгдийн гол шалтгаан нь хүмүүс бидний шунаг сэтгэл, буруу үйл мөн билээ.

Иймд төр шашны харилцан хүндэтгэл, шашин хоорондын ойлголцол, улс хамтын сайн нөхөрлөл чухал болж байгаа цаг үед “Самвад III” Олон улсын хурал Монгол Улсад зохион байгуулж байгаа нь машид ач холбогдолтой зүйл болж байна" гэдгийг онцлов.


Нээлтийг залгаад “Самвад III” олон улсын хурал эхэлсэн  юм.  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц болон  олон улсын хурлын хүндэт төлөөлөгчийн тэргүүн Вивак Ананда нар үг хэлж, хурлыг нээв. Энэ хурал "Хүрээ цам даншиг-2019" наадмын хүрээнд болж байгаагаараа онцлог болж байна. 


Батцагаан цогчэн дуган нь 20-р зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их хэлмэгдэлтийн үеэс эвдэрч эхэлсэн байдаг. Тэгвэл шинэ дуган 21212 м2 талбай бүхий 7 давхар , 1080 лам хурах багтаамжтай юм.


Холбоотой мэдээ