Барилгачдын баяр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-06 11:54:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр БХБЯ-наас “Монголын барилгачдын өдөр”-ийн ёслол, нээлттэй хаалганы өдөрлөгийг Барилгачдын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгөөр барилгын салбарын ААН, компани, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цугларч барилгын салбарын үе үеийн инженер, техникийн ажилтнууд, ахмад, гавьяат барилгачдад хүндэтгэл үзүүлж, шилдэг ААН, байгууллагуудыг алдаршуулж байна. Түүнчлэн барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ явуулж буй төрийн болон ТББ-ууд оролцон иргэд, олон түмэнд үйл ажиллагаагаа танилцуулж байна.


Баярын өдөрлөгийг нээж, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан хэлэхдээ, “Энэ онд барилгын ажил өргөжин тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил болж байгаа”-г онцлоод, барилгын салбараас ДНБ-нд оруулсан хувь хэмжээ энэ оны эхний хагас жилд 9.3 хувиар буюу 230.7 тэрбум төгрөгөөр өсөж, улсын хэмжээнд хийсэн барилга угсралт, их засварын ажил хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч нэмэгдээд байгааг тэмдэглэж байв. Тэрээр, “Барилгын салбарт ажиллагсдын цалин энэ оны I улирлын байдлаар нэг сая 123 мянган төгрөгт хүрээд байна. Үүнийг 2016 оныхтой харьцуулахад, 30.7 хувиар нэмэгдээд байна. Барилгын салбар жил бүр 8-9 мянган суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байна” гэв.


Цаашлаад БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Солонго-1”, “Солонго-2” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр БНСУ-ын талтай энэ оны 3-р сард санамж бичиг байгуулаад буйг дуулгалаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороонд барих “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг баталж газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажил эхлээд буйг хэлж байв.




“Монголын барилгачдын өдөр”-өөр салбарын шилдэг ААН, байгууллагуудыг шалгаруулсныг зарлаж, тухайн байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд заллаа. Энд,

барилга угсралтын чиглэлээр:

  • “НБИК”
  • “Жунсон констракшн”,

Инженерийн шугам сүлжээний чиглэлээр:

  • “Одкон холдинг”,

Барилгын материал үйлдвэрлэлээр:

  • “Монгол базальт”,
  • “Пирамид индастри”,

Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:

  • “Эн Эй Пи групп”,
  • “Криетив Монголиа”,

Өргөх байгууламжийн чиглэлээр:

  • “Төв-Чандмань-ДЭХГ”,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:

  • “Монкон констракшн” компаниуд тус тус шалгарч тугаа мандууллаа.

 

Б.Болд

Холбоотой мэдээ