Ч.Жаргалсайхан:Энэ жилээс асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэхээр гэрээ байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-10 21:28:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж сургууль, цэцэрлэгүүд хүүхдийн цовоо цолгин дуугаар бялхаж байна. Сэлэнгэ аймгийн тухайд боловсролын салбарын 60 жил тохиож буйгаараа онцлогтой. Ингээд Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхантай уулзаж, боловсролын салбарын ажил үйлсийн талаар ярилцлаа.  


-Сайн байна уу Та. Сайхан намаржиж байна уу? Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн боловсролын газраас багш нарынхаа сургалт семинарыг хийдэг. Энэ удаа ямар мэдлэгээр багш нараа цэнэглэв. Шинэ хичээлийн жилийн онцлог юу байна даа?

-Бид хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн жилийн онцлогтой холбогдуулан багш нарынхаа бага хурлыг хийдэг байгаа. Энэ удаагийн бага хурлынхаа үеэр бас хичээлийн шинэ жил, сайжруулсан хөтөлбөртэй холбоотой асуудлуудаа ярьсан. Ерөнхийдөө багш сурган хүмүүжүүлэгчид, удирдах албан тушаалтнуудад хүргэх мэдээллээ хүргэсэн гэж ойлгож байгаа. Одоо энэ сарын дундуур улсын хэмжээнд үндэсний цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн менежерүүд оролцсон сургалт болно. Энд манай аймгаас 100 гаруй багш нар оролцоно.

Энэ хичээлийн жил маш онцлогтой жил. Учир нь сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ маань цоо шинэ биш, хуучин хөтөлбөрөө сайжруулсан хөтөлбөр юм. Хэрхэн яаж сайжуулсан бэ гэхээр хүүхдүүд, багш нарын ачааллыг багасгах зорилгоор энэ ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл нэг онцлог нь бага анги ч бай, СӨБ ч бай, бүрэн дунд ч бай адил зарим хичээлийн давхцлыг арилгаж нэлээд нягтруулж өгсөн. Үүнийгээ хэрхэн яаж хэрэгжүүлэх талын арга зүйн сургалтуудыг сая бага хурлаараа ерөнхийд нь өгсөн байгаа. Хоёр дахь онцлог нь энэ хичээлийн жилээс 1-12-р ангид иргэний ёс зүй гэдэг хичээл шинээр орж эхэлж байна.

Гуравдугаар онцлог нь сурах бичигтэй холбоотой асуудал байгаа. Энэ жилээс сурах бичгийг яамнаас түрээсээр ашиглуулах шинэ журам гарсан. Хуучин бол тодорхой 40 хувьд нь сурах бичиг өгөөд үлдсэн нь зах зээлээс худалдаж авдаг байсан шүү дээ. Тэгвэл одоо 60 хувийн сурах бичгийг худалдаж авахгүйгээр сургуулиудын номын санд өгнө. Тэндээс багцлаад тодорхой хэмжээний түрээсээр хүүхдүүдэд жилийн турш ашиглуулаад хавар буцаагаад авах ийм шинэ журам гарсан. Үүнийг бид мөн хэрэгжүүлэн ажиллана. За дөрөв дэх онцлог нь энэ хичээлийн жилээс эхлэн манай яамны сайдын тушаал шийдвэрийн дагуу цэцэрлэг, сургуулийн захиргаа эцэг, эх, асран хамгаалагч нартай гэрээ байгуулж ажиллана. Энэ маань хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжилтэй холбоотой хийж байгаа ажил. Аль аль талаас нь тухайлбал сургууль юугаа хариуцах, эцэг эхчүүд юугаа хариуцах вэ гэдгийг тодорхой болгон өгч байгаа юм. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр улсын хэмжээнд гаргасан судалгаанаас харахад хүүхдийн эрх зөрчиж байгаа, гэмт хэрэгт холбогдож байгаагийн 80 гаруй хувь нь сургуулийн бус орчинд гарсан байгаа. Өөрөөр хэлбэл сургууль дээрээ байгаа цагт нь биш, гэртээ байх цагт нь гарч байгаа юм. Иймээс асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлье гэсэн зорилготой гэрээ байгуулж байгаа. 

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хэр байна. Шинээр хэчнээн барилга ашиглалтад орж байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд гурван цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Сургуулийн хувьд энэ жил Сайхан суманд 480 хүүхдийн хичээлийн байр шинээр ашиглалтад орж байгаа. Энэ сарын 15 гэхэд хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна. Гаднах талбайн тохижилт  үлдсэн, дотор тохижилт үндсэндээ дууссан байгаа.

-Мэргэжлийн багшийн хүрэлцээ нэлээд дутмаг байгаа гэж сонссон. Ямар хичээлийн багш дутагдалтай байгаа вэ?

-Аймгийн хэмжээнд математик, хими, физик, бага ангийн багш, дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа. Ер нь улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагадаа ч дуу хөгжмийн багш дутагдалтай байна. Гэхдээ бидний зүгээс өөр өөрсдийн шугамаараа зараа байршуулаад холбогдоод хүмүүс ирж байна. Бас ч гэж цөөрч одоогоор 20 гаруй багшийн асуудал л байна.

-Яагаад ингэж гол мэргэжлийн багшийн дутагдал байгаад байна. Эсвэл энэ мэргэжлийн боловсон хүчин хангалттай бэлтгэгдэхгүй байна уу?

-Багшийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиуд олон болсон байна. Төгссөн хүмүүсийн ихэнх нь төв суурин газар ажиллах сонирхолтой болжээ. Иймээс хөдөөд ажиллах хүн ховор, сонирхол муутай байна. Аав ээж нь байдаг хүмүүс л ирж байх шиг байна.   

-Хөдөөд ажиллах хүмүүсийг хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах талаар танд ямар бодол байна. Олон жил удирдах ажил хийсэн хүн. Ямар нэгэн гарц юу байна вэ?

-Энд орон нутгийн засаг захиргаа л анхаарах ёстой. Тэнд байгаа сургуульд тухайн орон нутгийн хүүхдүүд л сурч боловсорно. Тэр сургууль тэр сумын иргэдийн хүүхдэд үйлчилнэ. Тийм учраас орон нутгийн удирдлагын байгууллага, засаг захиргаа анхаарах ёстой. Хуучин ийм байсан. Орон нутагтаа дутагдаж байгаа мэргэжлийг захиалаад, сургалтын төлбөрийг нь даагаад сургадаг байсан. Харамсалтай нь одооны удирдлагууд ирээдүйн хүүхэд багачууд, орон нутагтаа санаа бага зовж байна шүү дээ. Ядаж л байр орон сууцны асуудлыг нь шийдвэрлээд ч юм уу, ямар нэгэн арга зам олох хэрэгтэй. Анхаарал тавьж байгаа сумдад багшлах боловсон хүчин хангалттай байна. Харин санаа тавихгүй байгаа сумдад багшийн хангалт дутуу л байна гэсэн санаа.   

-Энэ жил танай  салбарын ой тохиож байгаа. Ойгоо угтаж бүтээлч ажлууд их хийв үү?

-Сэлэнгэ аймагт үндсэндээ 1969 онд боловсрол, урлагийн байгууллагын суурь тавигдсан байдаг. АДГЗ /Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа/ гэж байх үед боловсролын хэлтэс гээд түүнийхээ дэргэд сургалт заах арга зүй, сурганы кабинет байгуулж байсан түүхтэй байгууллага юм. Бид ойгоо энэ сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ой угтаж ажлын төлөвлөгөө гаргаад нэлээд ажлыг өнгөрсөн хавар хийж амжуулсан. Хичээлийн шинэ жил дуусахаас өмнө хүүхдүүдийнхээ дунд, мөн багш нарынхаа дунд тодорхой ажлуудыг зохион явуулсан. Мөн ахмад багш нарынхаа зөвлөгөөнийг хийж, урлагийн анхдугаар наадам хийсэн. Багш дуулж байна тэмцээн явуулсан. Түүнчлэн хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиохоос гадна үзвэр үзүүлсэн. БСУГ-ынхаа байрыг засварлан, сургалтын танхимаа өөрчилж тохижууллаа. Энэ мэт олон бүтээлч ажлуудыг хийлээ. Өмнөх 50 жилийн ойгоор ном гаргаж байсан энэ 60 жилийн ойгоор зурагт альбом мөн видео кино хийхээр ажиллаж байна даа. 

Холбоотой мэдээ