Байгаль хамгаалагчид болон сэтгүүлчид эрсдэлтэй нөхцөлд ажилладаг

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-05 17:26:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрх хамгаалагчдыг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх, тэднийг хамгаалах эрхзүйн баталгааг хангах сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр 2 дахь өдрөө “Пума империал” зочид буудалд үргэлжлэв.

Уулзалт манай улсад ирээд буй НҮБ-ын Хүний эрхийн Тусгай илтгэгч Мишель Форстын айлчлалын хүрээнд болж байна. Тэрээр өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулж буй зарим ТББ-ын удирдлагатай уулзлаа.

НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглал 1998 онд батлагдсан бөгөөд олон улсын эрх зүйн хүрээнд хүний эрхийг хамгаалах, дэмжих эрхийг хүлээн зөвшөөрч, тэдний эрхийг хэрхэн хамгаалах, хангах талаар тодорхой заасан байдгийг уулзалт дээр тэмдэглэж байв. Манай улсад хүний эрхийг хамгаалагчдын  байдал хүнд байдгийг “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан байгаль хамгаалагчид болон сэтгүүлчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа жишээгээр хэлж байв.


Уулзалтад оролцогчид хүний эрх хамгаалагчдын эрх хязгаарлагдаж, сүрдүүлэг дор ажиллах нь их байгаа учир тэдний эрхийг хуулиар хамгаалахаас өөр аргагүй байдалд хүрч байгааг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байлаа. Тиймээс хүний эрхийн төлөө дуугарч, тэмцэж, ажиллаж буй хүмүүсийг хамгаалахын тулд загвар хуультай болж, гарын авлага, лавлагаа болгон ашиглаж, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах талаар илүү хүчтэй, сайн сурталчлах боломжийг оролцогчдод олгох нь зүйтэй байна хэмээн тэмдэглэж байв. Хуультай болсноор хүний эрхийг хамгаалж байна гэсэн нэр барин бусдыг шантаажлаж, мөнгө нэхдэг нөхдийг ялгаж салган хариуцлага тооцдог болно гэж үзэж буйгаа ТББ-ын төлөөлөл илэрхийлж байв.


Манай улсад Хүний эрхийг хамгаалах хуулийн төсөл боловсруулж, Ажлын хэсэг байгуулагдан хуулийн үр нөлөөний талаар мэргэжлийн байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөлөл ТББ-уудаас санал аван хэлэлцүүлж байна. Тэр байтугай хуулийн төсөлд Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хороо байгуулахаар заажээ. Тус хороо нь ХЭҮК-ийн дэргэд, бие даасан, хараат бус байдлаар ажиллана гэсэн байна. Дээрх хорооны гишүүдийг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс сонгохоор заасан байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ