“Дархан-Братск” үзэсгэлэн худалдаа болж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-09-05 16:48:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотууд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны анхны өргөтгөсөн уулзалт,  бизнесийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд, 11-19 цагийн хооронд, Братск-Арт худалдааны төвийн хоёр давхарт болно. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ОХУ-ын Эрхүү мужид суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа, Братск хотын дарга С.В.Серебренников, Думын дарга Л.М.Павлова нар үзэсгэлэн худалдааг нээж үг хэллээ.

9 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнд "Дархан нэхий" ХК, "Эко ноос" ХХК, "Алтан хүнс" групп, "Дархан загвар гоёл" ХХК, "Дархан ноос" ХХК, "Дарханд үйлдвэрлэв" дэлгүүр, "Дархан ширэн урлал" ХХК, "Бардам брэнд" арьсан гутлын цех, "Ачлалт алтан зөгий" ББН, "Говь" ХК-ийн Дархан салбар зэрэг нийт 12 байгууллага оролцож байна. 

"Орос-Монголын үзэсгэлэн худалдаа нь ах дүү хотын иргэдийн хувьд Монголын чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах онцгой боломжтой төдийгүй бизнес эрхлэгчдэд олон улсын харилцааг хөгжүүлэх платформ болно" гэж Братскийн захиргааны эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Артем Мельников хэллээ.

Дашрамд, 2019 оны 3 дугаар сараас эхлэлтэй хамтын харилцаа богино хугацаанд өргөжиж хотуудын хооронд 2 дахь удаагийн албан ёсны уулзалтыг зохион байгуулж байгаад талууд талархалтай байв. 
Үзэсгэлэн худалдааны өмнөх өдрийн уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: -Цаашид хотуудын харилцааг улам өргөжүүлэх хүрээнд Братск хотоос “Торговый дом” худалдааны төвийг Дархан хотод байгуулах, “Дархан” нэрийн бараа бүтээгдэхүүнийг Братск хотод нэвтрүүлэхэд бизнесийн таатай нөхцөлийг бий болгох, аялал жуулчлалын компаниудтай холбоо тогтоох, хүүхэд, залуучуудын солилцоо, хамтарсан тэмцээн, уралдаан, харилцан танилцах аяллыг зохион байгуулж, боловсрол, соёлын харилцааг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэргээр хэд хэдэн санал дэвшүүлсэн. Мөн Братск хотын талаас дэвшүүлсэн аливаа саналыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ

Холбоотой мэдээ