Жаргалант суманд шинээр барьж буй 1.9 км авто замын гүйцэтгэл 50 хувьтай

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-04 22:14:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Наран, Рашаант багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1.9 км авто зам шинээр барьж байна.

“Түмэн дэлгэрэх” ХХК-ийн хамт олон тус замын ажлыг энэ оны 06 дугаар сараас эхэлсэн. Одоогийн байдлаар замын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж буй.

Энэхүү авто зам нь хоёр хэсэг газарт баригдах ба одоогоор нэгдүгээр хэсгийн 800 метр авто замын хучилт хийсэн. Явган зам, гэрэлтүүлэг хийхээр бэлтгэж байгаа аж.

Харин хоёрдугаар хэсгийн замыг тавихад хүндрэл учирч байгаа гэнэ. Наран, Рашаант багийн зарим айл өрхүүд газраа  чөлөөлөхөөс татгалзаж байгаа тул компанийн зүгээс  холбогдох байгууллагад мэдээлж,  асуудлыг шийдвэрлэх тухай албан бичиг, хүсэлт гаргасан гэж албаны эх сурвалж хэллээ.    

Цаашид улсын төсвийн нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Дуут сум чиглэлд 60 км, Мөнххайрхан сум чиглэлд 65 км авто замыг тус тус засварлана.      

Мөн Цэцэг суманд улсын төсвийн 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4.9 км зам, Мөст сум чиглэлд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 20.3 км хатуу хучилттай авто зам шинээр барих аж. 



Холбоотой мэдээ