Улиастайд 9.7 тэрбум төгрөгийн “Гудамж” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-04 16:07:53

Завхан /МОНЦАМЭ/Завханы Улиастай сум бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийж байна. Тухайлбал улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгийн өртөгтэй “Гудамж” төслийн хүрээнд замын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг хийж, нийт ажлын явц 40 гаруй хувьтай байна. Бүтээн байгуулалтын ажлын явцтай аймгийн Засаг дарга Д.Батсайхан газар дээр нь очиж танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Завханы төв Улиастай сумын төв, тойргийн хэсгийн замын барилгын ажил 40 гаруй хувьтай байна. Замын суурь асфальтан хучилт, замын хашилт, сувагчлалын ажлуудыг хийгээд байгаа аж. Тус автозам нь нийт долоон см-ийн зузаантай, 11.5 м-ийн өргөнтэй дөрвөн эгнээ, явган хүний болон дугуйн замтай. Энэ зам нь дөрвөн чиглэл уулзвар дээр гэрэл дохионы секунд тоологчтой, явган зорчигчийн долоо, автозамын найман гэрэл дохиотой, замын бүрэн гэрэлтүүлгийн хамт иж бүрэн болно. Гудамж төслийн хүрээнд автозамын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлыг "Төгс зам" ХХК хийж байгаа бөгөөд нийт 100 гаруй ажилчин, 25 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Автозамын барилгын ажлын ажилчдын 90 орчим хувийг нь орон нутгаас авч гэрээгээр ажиллуулж байгаа аж. Түүнчлэн төв зам дагуу байсан хуучин 100 гаруй гэрлийг буулгаж Улиастай сумын захын гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэгт ашиглаж шилжүүлэн байрлуулна хэмээн Улиастай сумын Засаг даргын орлогч Ядамжав мэдээлэв.

Үерийн хоолой бүхий замын өргөтгөлийг хийж байна

Улиастай сумын төв тойргийн зам буюу Замын Цагдаагийн постоос Ногоон хашааны чиглэлд нийт хоёр км орчим автозамын барилгын өргөтгөлийн суурийн ажлыг хийж байна. Тус зам нь дугуйн болон явган хүний замтай 13 метрийн өргөнтэй. Замын ажлыг "Төгс зам" ХХК гүйцэтгэж байна. Автозамын дагуу нийт 40 айлын хашаа, эрчим хүчний өндөр хүчдэлийн 12 шугам таарсныг харилцан ойлголцож чөлөөлсөн байгаа. Замын компани, Улиастай сумын ЗДТГ-аас эзэмших, өмчлөх эрхийн зөвшөөрөлтэй 17 айлтай нэг бүрчлэн уулзаж тохиролцсон. Эрчим хүчний шугамыг буулгаж газар доогуур явуулах ажлыг 170 сая төгрөгийн өртгөөр Алтай Улиастай эрчим хүчтэй хамтран хийснээр замын ажил хэвийн үргэлжилж байна. Хэдийгээр өмчлөх, эзэмших эрхтэй хашааны газрыг нь дайран өнгөрч байгаад иргэд дургүйцлээ илэрхийлэх, эсэргүүцэхээс илүүтэй орчноо болон авто замын зураг төсөв, замын ажлыг бүрэн дэмжиж хамтран ажиллаж байгаад талархаж байна. Ногоон хашааны арын замын ажил их онцлогтой. Учир нь энэ зам дагуу үерийн хэд хэдэн ам байрлаж байгаа. Тиймээс үерийн хоолойг нэмж байрлуулах, үерийн гол аманд тусгаарлагч, сааруулагчийг чулуугаар хийж “Ах дүү гурав” толгойн хажууд усан санг нэмж барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн "Төгс зам" ХХК-ийн инженер Г.Мөнгөншагай дуулгалаа.  


Захын хорооллын айл өрхүүд эрчим хүчтэй болжээ

Завханы төв, Улиастай сумын захын гэр хороолол болон мал бүхий иргэдийн амьдардаг захын хорооллуудад эрчим хүчний шугам татах ажил 90 гаруй хувьтай байна.

Энэ ажлыг улсын төсвийн 318 сая төгрөгийн өртөгтэйгөөр, нийт долоон хэсэгт 1.5 км-ийн өндрийн эрчим хүчний шугамын барилгын ажлыг "Идэр Тэс" ХХК гүйцэтгэж байна. Дээрх хэсгүүдэд 0.4 квт-ийн хүчин чадалтай эрчим хүчний шугамын ажил хийснээр захын хорооллын айлууд бүрэн хүчин чадалтай эрчим хүчтэй болоод байна. Урьд нь захын хорооллын хэрэглэгчдийн хүчдэл нь унах явдал байсан бол энэ шугам татагдсанаар эрчим хүчний алдагдалгүйгээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахаар болсон. Мөн гурван айлын дунд нэг шит байрлуулснаар эрчим хүчний байцаагч айл бүрээр ороод байх шаардлагагүй болсон. Энэ удаагийн эрчим хүчний шугамын барилга угсралтын ажлыг хийснээр 228 айл өрх эрчим хүчтэй болоод байгаа тухай "Идэр Тэс" ХХК-ийн инженер О.Төгсбаяр дуулгав.  


21-р зуун жишиг хороолол инженерийн шугамтай болов

21-р зуун жишиг хорооллын инженерийн шугам сүлжээний ажил 80 хувьтай байна.

Тус ажлыг "Мон Энержи" корпорац, "Энерго Тех Сервис" ХХК-ууд хамтран гүйцэтгэж таван техник, 40 гаруй ажилтан ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээний ажлыг улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж байгаа. Шугам сүлжээний барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Энэ сарын 15-ны өдөр барилгын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 21-р зуун жишиг хорооллын инженерийн шугам сүлжээ нь 800 айлын хэрэглээг хангах боломжтой. Цэвэр усны нэг шугам, хэрэглээний халуун усны өгөх, буцах, халаалтын өгөх, буцах гэсэн нийт таван шугамтай, 1.2 км урттай шугамын ажлыг хийж байна. Дулааны станц, цэвэрлэх байгууламжтай холбогдсоноор хэрэглэгчдэд хүрэх боломжтой юм хэмээн "Мон Энержи" корпорацын инженер М.Алтанхуяг мэдээлэв.  

Холбоотой мэдээ