“Мал эмнэлгийн гэрчилгээний систем”-ийг Ховд аймгийн 17 суманд нэвтрүүлнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-04 13:41:45

Ховд /МОНЦАМЭ/. “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, улмаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтын хүрээнд “Мал эмнэлгийн гэрчилгээний систем”-ийг Ховд аймгийн 17 суманд нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Энэхүү ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл, Ховд аймгийн Мал эмнэлгийн газар хамтран зохион байгуулж буй.

Өнгөрсөн 07 дугаар сард аймгийн Засаг дарга болон "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар “Мал эмнэлгийн гэрчилгээний систем”-ийг Ховд аймгийн хэмжээнд нэвтрүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 49 хувийг орон нутаг, 51 хувийг төслийн зүгээс хариуцан ажиллахаар болжээ. 

Одоогийн байдлаар компьютер, малын ээмэг, бар код уншдаг машин, хэвлэгч зэрэг зургаан төрлийн тоног төхөөрөмж худалдан авах ажил өрнөж байна. 

Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан веб технологид суурилсан энэхүү систем нь мал эмнэлгийн гэрчилгээ олгох хүртэлх хугацаанд уг мал, амьтан мал эмнэлгийн ямар үйлчилгээнд хамрагдсан талаар түүхийг баталгаажуулна.

Мал эмнэлгийн гэрчилгээний систем нэвтэрснээр иргэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх боломж бүрдэнэ. Цаашлаад  халдварт өвчингүй аймаг, сум, нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог дэлгэн харуулах нөхцөл бүрдэх аж.

Мөн системээр дамжуулан малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж албаны эх сурвалж хэллээ.



 

Холбоотой мэдээ