МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын Спутник радиотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн Спутник радиогийн Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч захирал Ксения Александровна Франчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр МОНЦАМЭ
агентлаг болон Спутник радиогийн хамтран зохион байгуулж буй Халх голын дайны
ялалтын 80 жилийн ойд зориулсан “Хоёр ард түмэн - нэг ялалт” үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн юм.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг “Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэж байгаа нь манай хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд манай хоёр байгууллага Улаанбаатар хотод дайны түүхэн гэрэл зургаар хамтарсан үзэсгэлэн нээж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Цаашид “Россия Сегодня”, “Спутник” олон улсын мэдээллийн агентлагтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг зорьж байна. Бидний энэ удаагийн “Хоёр ард түмэн- нэг ялалт” хамтарсан үзэсгэлэн амжилттай болж, цаашид олон төсөл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн Спутник радиогийн Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч захирал Ксения Александровна Франчук “Юуны өмнө манай хоёр ард түмний түүхэн гэрэл зургаар үзэсгэлэн нээж, хамтран ажилласанд МОНЦАМЭ агентлагт талархал илэрхийлье. Манай байгууллага МОНЦАМЭ агентлагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэд хэдэн санал тавих хүсэлтэй байна. Хэдийгээр манайх дэлхийн 30 гаруй хэлээр мэдээлэл дамжуулдаг ч монгол хэлээр мэдээлдэггүй. Тиймээс МОНЦАМЭ агентлагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, мэдээ мэдээлэл солилцож, нягт харилцаа холбоотой байх нь чухал юм” гэлээ.
Уулзалтын дараа тэрбээр, МОНЦАМЭ агентлагийн англи, орос, хятад хэлээр гардаг сонинууд болон "Хүмүүн бичиг" сонины редакцаар зочилж, үйл ажиллагаатай танилцсан юм. "Хүмүүн бичиг" сонины редакц түүнд маш их таалагдсан бөгөөд босоо монгол бичгээр долоо хоног тутмын сонин эрхлэн гаргаж буй нь хэл соёлоо хадгалахад чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.