Э.В.Митрофанова: Байгалийн гамшгийг туулахад хамт байсан монголчуудад баярлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-09-02 13:48:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү мужид болсон үерт нэрвэгдсэн хүмүүс, хүүхдүүдэд дэмжин тусалж, хүмүүнлэгийн сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн монгол иргэд, манай улсын зарим байгууллагын төлөөллийг ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагаас өнөөдөр шагналаа.

Шагнал гардуулах ёслол ГХЯ-нд болсон бөгөөд шагналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын хүрээнд манай улсад ирээд байгаа ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова гардуулсан юм.


“Россотрудничество” агентлагийн “Энхтайван, найрамдал, хамтын ажиллагааны төлөө” медалиар сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулсан “Номадс” группийн ерөнхийлөгч М.Есөнмөнх, “Найрамдал, хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын албаны дарга С.Бат-Эрдэнэ, Монголын Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, Эрхүүд төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Зундуйжамц, Эрхүү хотод төгсөгч монгол оюутны холбооны тэргүүн Ж.Рэнцэн-Амгалан нарыг шагнасан юм.

Мөн хүмүүнлэгийг үйл ажиллагаанд идэвхтэй хамтран оролцсон УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэн, ОХУ-д төгсөгчдийн хамтын ажиллагааны холбооны тэргүүн М.Түвшинтөр нарыг “Россотрудничество” нийгэмлэгийн хүндэт дипломаар тус тус шагнав.

ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова шагнагдсан хүмүүст хандан хэлэхдээ, “Байгалийн гамшиг, үерт нэрвэгдсэн Эрхүү мужийнхны зовлонг сэтгэлээрээ хамт байж хуваалцан,  сэтгэл санааны болон материаллаг эд зүйлээр дэмжин тусалж сайн санааны, хүмүүнлэгийн үйлсийг санаачилж зохион байгуулсан та бүхэнд, Монголын залуучууд, ард түмэнд, идэвхтэй дэмжин ажилласан Монгол Улсын төр, засгийн удирдлагад гүн талархлаа дэвшүүлж буй”-гаа илэрхийлсэн юм.

“Монголчууд Эрхүү мужид болсон гай гамшгийг дуулмагцаа шуурхай ажиллаж, энэ сайхан үйлсийн аяныг зохион байгуулж, ОХУ руу, Эрхүү мужтай холбоо барин үерт нэрвэгдэн хохирсон хүмүүст нийт 4 сая төгрөгийн мөнгөн тусламж, хөнжил, дулаан хувцас, хоол хүнс, эм тариа явуулж тусласанд их баяртай байна. Зовлон, жаргалын үед сэтгэл санаагаар хамт байж, гүн тусалсан монголчууд та бүхэнд дахин баярлалаа” гэв. Тэрээр Эрхүү мужид одоо үерийн дараах сэргээн босголтын ажил ид өрнөж буйг дуулгаад, “Нурсан байшин, сүйдсэн тариалангийн талбайг сэргээн босгоход бид тал бүрийн арга хэмжээг авч байгаа боловч гай гамшгаас үүдэлтэй гамшгийн хохирлыг бүрэн барагдуулахад цаг хугацаа шаардана” гэдгийг тэрээр хэлж байв.


Эрхүү мужийнханд туслах сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулсан “Номадс” группийн ерөнхийлөгч М.Есөнмөнхтэй уулзвал, “Энэ бол манай улсын хувьд төр, засаг, хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүс, олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэгэн зүйл дээр төвлөрөн ажилласан сайхан үйл ажиллагаа боллоо. Жишээ нь, манай улсад ирсэн орос хүүхдүүдийг сэтгэл санаагаар дэмжин, тэдний байрлах, хооллох, аюулгүй байдлыг хангах, эх оронтойгоо, нийслэл хоттойгоо танилцуулах гээд арын бүх ажлыг бид хамтдаа амжуулсандаа баяртай байна. Хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст баярлаж байна” гэсэн юм.

ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлаг нь ОХУ-аас Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад амьдарч буй орос эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын үйл ажиллагааг эрхэлдэг Холбооны байгууллага юм.


Тодруулга: Энэ оны зургадугаар сарын сүүлээр ОХУ-ын Эрхүү муж үерт автаж, 25 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болсон юм. Үерийн улмаас 11 мянган амины орон сууц, 49 зам, 22 гүүр эвдэрч, сүйдсэн бөгөөд 45 мянган хүн хохирчээ.

ОХУ-ын Засгийн газар Эрхүү мужийн үерийн дараах сэргээн босголтод зориулж 493 сая рубль төсөвлөснөөс 180 сая рублийг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд нөхөн олговор хэлбэрээр хуваарилжээ. Манай улс үерт нэрвэгдсэн Эрхүү мужийн айл өрх, гэр бүлийн 42 хүүхдийг 6 багшийн хамт эх орондоо хүлээн авч сар гаруйн хугацаанд амруулсан юм. Мөн манай улсаас гутал, хувцас зэрэг 40 тонн, хүмүүнлэгийн тусламжийн ачааг Эрхүү мужид илгээсэн юм.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ