Баян-Өлгийн нутгаар энэ сард салхи, шуургатай байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-02 11:15:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр  энэ сард салхи, шуургатай байх төлөв ажиглагджээ.

Сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэр салхины хурд зарим газраар түр зуур 14-16 м/с-д хүрч ширүүснэ. Мөн хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 18-20 м/с хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температурын сарын дундаж нь 6-14 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим байх аж. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсэж шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас бууна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь  нийт нутгаар дунджийн орчим байх ажээ.

 

Холбоотой мэдээ