Хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-07 14:29:57

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Манай улс, Бүгд Найрамдах Беларусь улстай ЗХУ-ын үеэс тогтсон эртний уламжлал харилцаатай. Тэр дундаа хоёр орны батлан хамгаалах салбар хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг юм. Беларусийн цэргийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалахын болон цэргийн хэвлэл мэдээллийн ажилтны бэлтгэж ирсэн уламжлалтай. Уулзалтаар Б.Батсайхан "Беларусь улсын Ерөнхий сайд 2013 онд Монгол Улсад айлчилснаар хоёр улсын харилцаа эрс идэвхжиж байгаа, энэ үеэс цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн. Цэргийн хамтын ажиллагааны тухай яамд хоорондын хэлэлцээр энхийг сахиулах чиглэлээр туршлага солилцох, цэргийн сургалт, эрдэм шинжилгээ, цэргийн эмнэлэг, соёл спортын зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн тухай онцолсон. Мөн Беларусийн Зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулахын чиглэлээр манай улсад жил бүр зохион байгуулагддаг "Хааны эрэлд" сургуульд ажиглагчаа оролцуулдагт талархаж байна" гэв. Беларусийн Батлан хамгаалах яам өөрийн академи, Минскийн нисэхийн дээд коллежид нисэхийн мэргэжлээр цэргийн алба хаагчдыг 2016 оноос сургахаа мэдэгдсэн. Бид ОХУ-ын БХЯ-тай байгуулсан гэрээний дагуу тэдний цэргийн академи, дээд сургуульд хөнгөлттэй нөхцлөөр болон тусламжаар сургадаг. Беларусийн тал бидэнд ийм нөхцөл олговол бид хүнээ сургах боломжтой гэдгийг онцлов. Уулзалтад БХЯ-ны БХЗГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Пүрэвдорж, ЗХЖШ-ын Ар талын газрын Цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар нарын албаныхан байлцлаа гэж БХЯ-наас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ