“Халхын гол” сэдэвт монументаль ханын чимэглэл бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-31 14:17:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чойбалсан хотноо байдаг Монгол дайчдын хөшөөний орчимд “Халхын гол” сэдэвт монументаль ханын чимэглэл, шигтгэмэл цуврал зургийн цогцолбор бүтээжээ. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас  энэхүү цогцолборыг санаачилжээ.

Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Халх гол Дорнод аймаг дахь ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл тэргүүтэй албаны хүмүүс, ойг зохион байгуулах комиссын гишүүд болон Дорнод аймгийн ард иргэд энэхүү нээлтэд оролцон талархал илэрхийлсэн байна.

Анх 1971 онд Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг босгож дотор талын дугариг ханан дээр Зөвлөлт-Монголын дайчдын дурсгалд зориулсан өнгөт чулуун шигтгэмэл зураг бүтээсэн байдаг. Мөн 1989 онд Чойбалсан хотод монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө босгож хөшөөний ард талын нум хэлбэртэй ханан дээр дайны жилүүдийн үйл явдлыг харуулсан шилэн шигтгэмэл понарам зургийн цогцолбор бүтээжээ. 

Харин 80 жилийн дараа түүхэн ялалтыг хүндэтгэн мөнхөлсөн агуулгатай шинэ шигтгэмэл зургийн цогцолборыг зураач Д.Будбаярын загвараар залуу уран бүтээлчид урласан байна.

Холбоотой мэдээ