“Панамын баримт бичиг”-тэй холбоотойгоор Оросын эсрэг хоригийг өргөжүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-07 12:13:09

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын эрх баригчид Украины хямралын улмаас ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөхгүйгээр зайлсхийхэд нь хувь хүмүүс болон компаниудад тусалсан хүмүүст хориг арга хэмжээ авч магадгүй байна. Эдгээр хүмүүсийн нэрс Панамын хуулийн “Mossack Fonseca” компанийн баримт бичгүүдэд дурдагдсан гэх үндэслэлээр хориг тавьж магадгүй тухай Блүүмберг агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид ОХУ-д авсан хоригт өртөхгүй байхад нь компаниуд, хувь хүмүүст тусалсан хүмүүсийн талаарх мэдээллийг судлахаар төлөвлөж байгаа аж. Хэвлэлүүдэд гарсан “Mossack Fonseca” компанийн гэх баримт бичгүүдэд дурдагдсан эдгээр хүмүүсийг АНУ-ын Сангийн яамны “хар жагсаалтад” оруулж магадгүй гэж Блүүмбергийн эх сурвалж мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, хоригийн шинэ жагсаалтыг АНУ-ын Сангийн яам зургадугаар сард нийтэлж магадгүй байна. Түүнчлэн Европын Холбоо ОХУ-д авсан хоригоо сунгах эсэхээ хэлэлцэн шийдэх ёстой юм.

Дэлхийн хэд хэдэн удирдагч татваргүй бүстэй холбоотой гэдгийг нотолсон Панамын хуулийн “Mossack Fonseca” компанийн гэх баримт бичгийг Германы “Sueddeutsche Zeitung” сонинд өмнө нь нийтэлжээ. Уг баримт бичиг үнэн эсэхийг хараахан тодруулаагүй байгаа юм. Тухайлбал, уг жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүмүүс гэгддэг бизнес эрхлэгчид болох Сулейман Керимов, Аркадий Ротенберг, Юрий Ковальчук нар, Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев, Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын гэргий болох уран гулгагч Татьяна Навка, хийлч Сергей Ролдугин нарын нэр дурдагджээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь оффшортой холбоотой мэдээллийг няцаасан байна.

Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд холбоотой ямар ч баримт дээрх мэдээлэлд байхгүй байгаа боловч түүний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэхдээ “ICIJ ийм мэдээлэл нийтэлсний гол зорилго нь парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Путиныг мэдээллийнхээ гол байгаа болгох явдал юм" гэжээ. “Панамын баримт бичгүүдийг” нийтлэх зардлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Жорж Сорос санхүүжүүлсэн бөгөөд ОХУ болон хуучин ЗХУ-ыг онилж байгаа юм гэж нууц баримт бичгүүдийг дэлгэдгээрээ алдартай “WikiLeaks” цахим хуудас лхагва гарагт мэдээлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ