Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцыг үргэлжлүүлэх шаардлагатай нь харагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-29 14:31:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалт дуусаж буйтай холбогдуулан НОСК-иас өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар, “Та бүхэн мэдэж байгаа, “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийг түрээслэх, түрээслээд өмчлөх хэлбэрээр бүртгэж, сонгон шалгаруулан эрэмбэлсэн. Сонгон шалгаруулах комисс маргааш хуралдаж шалгарсан иргэдийн материалыг тулгаж нийлүүлнэ” гэв. Тэрээр дээрх үйл ажиллагаа саатаж гацаагүй, ямар нэг гомдол гараагүй, харин мэдээллийн зарим хэрэгслээр манай ажлыг зогссон, НОСК-ийн албан хаагчид авлигад холбогдсон, гурван ажилтан 2 тэрбум хүртэл төгрөгийн авлига нэхсэн гэх мэтээр ташаа мэдээлсэн. Манайхаас АТГ-т шалгуулж байгаа болон авлигад холбогдсон нэг ч хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв.

“Сонгон шалгаруулалт ид тод, нээлттэй, шударга явагдсан. АТГ, бусад холбогдох байгууллага байнга хянаж байгаа. Бид хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй” гэдгийг НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм мэдэгдэв.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгарсан байдлаар танилцуулахад, энгийн түрээсийн “Залуу гэр бүл” гэсэн ангилалд 6-14 жил ажилласан, НДШ төлсөн залуучууд их бүртгүүлсэн байна. "Түрээслээд өмчлөх" дээр 12-16 жил ажилласан иргэд орж ирж байгаа жишээг дурдав. Нийт бүртгүүлсэн иргэдийн одоогийн амьдарч буй нөхцөлийг харахад:

  • 30 хувь нь гэрт
  • 9 хувь нь нийтийн байранд
  • 41 хувь нь амины байранд буюу инженерийн дэд бүтэцгүй байшинд
  • 2 хувь нь сууц маягийн чингэлэг болон амбаарт амьдарч байгаа гэж гарчээ.

“Эндээс бүртгэл, хамруулалт, сонгон шалгаруулалт нь нэг ёсны иргэдийн амьдрах нөхцөлийн судалгаа болж, цаашид иргэдийг түрээсийн орон сууцаар хангах ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Нийслэл хотын агаарын бохирдол, утааг бууруулах хамгийн зөв ажил гэдгийг мөн харуулж байна” гэв. НОСК-ийн удирдлага мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бүртгэл, сонгон шалгаруулалт дээр ямар нэг гомдол, санал гараагүй шулуун явсан гэлээ. Тэгвэл танай байгууллага дээр иргэд өнөөдрийг хүртэл яагаад дугаарлаад зогсож байна вэ? Ямар санал гомдол тавьж байна вэ?

-Санал гомдол нь иргэд мэдээллээ дутуу, алдаатай өгч буй, өөрсдтэй нь холбоотойгоор гарч байгаа. Тиймээс зарим иргэд материалаа өгөхөөс татгалзаж байгаа.

-Шалгарсан иргэд хэзээнээс эхэлж байрандаа орох вэ?

-Би түрүүнд хэллээ, маргааш Сонгон шалгаруулах комисс хуралдаж материалыг эцсийн байдлаар тулгаж нийлүүлээд батламжлан гэрээ байгуулна. Иргэд байраа сонгоно. Ирэх 7 хоногоос эхний иргэд байрандаа орох болов уу. “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууц бэлэн, Улсын комисс хүлээн авах үлдээд байна.

-Төрийн албан хаагчдыг ямар зарчмаар эрэмбэлэн шалгаруулсан бэ?

-Журмаар иргэдийг энгийн түрээсийн 8, түрээслээд өмчлөх 8, нийт 16 төрлөөр ангилж хамруулж байгаа. Төрийн албан хаагчдын хувьд бусадтай адил, жишээ нь, хэрэв өрх толгойлсон бол тэр ангиллаар, залуу хүн “Залуу гэр бүлийн” гэсэн ангилалд хамрагдаж орно. Бүх боломж нь байна гэв.

Б.Болд

Холбоотой мэдээ