Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамыг засаж дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-29 12:17:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж, жолооч нарын амарч тухлах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон. Тэгвэл энэ чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын засварын ажил дуусаж, стандартын дагуу шинэчилж барьсан замыг ашиглалтад хүлээлгэн өглөө. 


Энэ хүрээнд 48,5 км авто замыг асфальтаар хучсан бөгөөд өмнө нь 4-5 см байсныг 10-12 см болгон зузаатгажээ. Мөн жолооч нарын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд түр амрах зогсоол, бие засах газар, замын ус зайлуулах хоолой зэргийг нэмж байгуулсан байна.



Асфальт бетон хучилтад үүссэн ан цавыг битумээр гагнах ажлыг хоёрдугаар сараас эхлүүлснээр замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлах боломжтой болжээ. Харин өвөл, зуны аль ч улиралд засварын ажилд хэрэглэх боломжтой технологийг нэвтрүүлсний үр дүнд, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 17  хувиар осол аваар буурсан байна.


Тээвэр хийж буй жолооч нарын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн зам дагуу барьж буй “Тайван зогсоол” 2500 автомашин буюу 60 км урт дараалал хүлээн авах хүчин чадалтай. Тус бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон улсын бүртгэлийн үйлчилгээ, лавлагааны ТҮЦ машин зэрэг төрийн бүхий л шаардлагатай үйлчилгээг тус цогцолборт төвлөрүүлэх юм.


Өнгөрсөн оны 12 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв хамтран нутгийн оршин суугч, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо үйлчилгээнд хамруулсан. Энэ жилийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоог ирэх 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ