Хонконгийн цагдаа нар 28 жагсагчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-25 01:54:29

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Бямба гарагт Хонконгийн хэд хэдэн дүүрэгт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан 28 хүнийг цагдаа нар баривчилсан гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.


Ардчиллыг дэмжигч хэдэн зуун идэвхтнүүд бямба гарагийн өдөр Хонконгийн Квун Тун дүүрэгт цугласан байна. Жагсагчид хэсэг бүлгээрээ эрх баригчдын зөвшөөрсөн чиглэлээс гарцгааж, гудамжнуудыг хаан, бэхлэлт босгоцгоож, тоосгоор зэвсэглэж эхэлжээ. Тэд цагдаа нар руу шатах бодис бүхий шил зэрэг янз бүрийн зүйл шидэж эхэлсний дараа цагдаа нар жагсагчдыг тараахын тулд сүүлийн 10 хоногт анх удаа нулимс асгаруулагч хий болон резинэн сум ашигласан байна. 


Эмх замбараагүй байдлын үеэр хэд хэдэн хүн гэмтжээ. Тэдний нэг нь нүдэндээ хүнд гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. 


Орой нь эсэргүүцлийн ажиллагаа Вон Той Синг болон Шам Шуй По дүүрэгт шилжин өрнөсөн байна. Эдгээр дүүрэгт цөөн тооны жагсагчид хэсэг бүлгээрээ нийлж, гудамжуудыг хаан, цагдаа нарын нүд рүү лазер гэрэл тусгажээ. Хууль сахиулах байгууллагууд бага хүч ашиглан жагсагчдыг тараах ажиллагаа явуулсан байна. Оройн цагаар жагсагчдын дийлэнх нь гэртээ харьцгаасан байжээ.  


БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн шахалтаар уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.


Жагсагчид хуулийн төслийг бүрмөсөн хүчингүй болгох, цагдаа нарын ажиллагааг мөрдөн шалгах хараат бус комисс байгуулах, эсэргүүцлийн жагсаалуудын үеэр баривчилсан хүмүүсийг суллах, тэдний үйл ажиллагааг үймээн гэж ангилахгүй байх, Хонконгт ардчилсан шууд сонгууль явуулах гэсэн таван шаардлагыг тавьж байгаа юм.


 

Холбоотой мэдээ