Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих ажил ирэх сараас үргэлжилнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-25 01:19:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар энэ долоодугаар сард зогсонги байдалд байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Цариг, хил холболтын цэг, санхүүжилт зэрэг асуудлаас болоод гацсан төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар болжээ. Энэ тухай өнөөдөр болсон “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт” танилцуулга уулзалтын үеэр мэдээллээ.


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх есдүгээр сараас эхлэх бөгөөд 28 сар үргэлжилнэ. Энэ хүрээнд 25 тоннын даац бүхий төмөр зам, 16 гүүр, 126 хоолой тавьж, 8 малын гарц барих юм. 


Хоёр өртөө, таван зөрлөгтэй төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолж Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Харин Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж буурч, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Түүнчлэн 1900 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын ноогдол ашиг Засгийн газарт өгнө гэж тооцож байгаа юм.


Өнөөгийн байдлаар, Тавантолгойн нүүрсийг уурхайн амнаас 70 ам.доллароор борлуулж байна. Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсээ хил дээрээс борлуулах боломжтой бөгөөд ингэснээр тонн тутмын үнэ 120-150 ам.доллар болж нэмэгдэнэ. Харин БНХАУ-ын төмөр замын компаниудтай тохиролцож Хуанхуа, Тяньжин зэрэг боомт хүртэл тээвэрлэвэл тонн тутмын үнэ 200-250 ам.доллар болж нэмэгдэх боломжтой.

 


"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал: “Төмөр замын цариг, хил холболтын цэгтэй холбоотой Тавантоглой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил гацсанаас болоод Монгол Улсын Засгийн газрын 280 сая ам.долларын хөрөнгө үхмэл байдалтай байсан. Засгийн газар 2018 онд төмөр замын суурь бүтцийг тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосноор барилгын ажил үргэлжлэх нөхцөл бүрдсэн. Уг компанийг 66, 34 хувиар эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой", "Монголын төмөр зам" компанийн ТУЗ, холбогдох сайд нараар шаардлагатай шийдвэрийг гаргуулсан. Төмөр замын барилгыг үргэлжлүүлэх бэлтгэл ажил өрнөж байна. Удахгүй инженеринг, барилга угсралтын гэрээг хэрэгжүүлэх компанийг Засгийн газарт танилцуулна. 10 жилийн хугацаанд ирсэн саналуудыг эргэн харж, төслийг хамгийн хурдан, чанартай гүйцэтгэж чадах компанийг сонгоно. Ерөнхийдөө компаниуд 24-28 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээ мэдэгдсэн. 2020 оны 12 дугаар сард төмөр замын барилгын ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна” хэмээв. 



2013-2015 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг буюу 280 сая ам.долларын ажил хийж гүйцэтгэсэн.


Төмөр зам тавих нийт өртөг 1.07 тэрбум ам.доллар бөгөөд одоо 790-830 сая ам.долларын ажил үлдээд байгаа юм. Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс гаргахаар болсон. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК баталгаат нөөц, санхүүгийн тогтвортой байдал, боловсон хүчин гэсэн гурван том шаардлагыг хангаж олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаар охин компани байгуулан ажиллаж байна. 




"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолоор олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр хийхийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д даалгасан. Энэ хүрээнд гурван том ажлыг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт цэрэг, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор өрнөж байна. Хоёр дахь ажил бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажил. Энэ төсөл эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байна. Төмөр зам баригдсанаар тээвэрлэлтийн зардал найман ам.доллар болж буурна. Энэ хэмжээгээр эдийн засгийн үр ашиг, иргэдэд очих ашиг нэмэгдэнэ. Гурав дахь нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн параллель авто замын барилгын ажил. Одоогоор нэг урсгалтай замаар жилд 17 сая тонн нүүрс тээвэрлэж байна. Параллель болгосноор стандартын шаардлага хангаж, жолооч нарын аюулгүй байдал хангагдана. Эрдэнэс тавантолгой компанийг дагаад нүүрс баяжуулах үйлдвэр, станц, IPO хийх компани, төмөр зам зэрэг арваад компани бий болсон байна. Эдгээр компанид 6000 орчим, шууд бусаар 21000 ажлын байр бий болжээ. "Эрдэнэс тавантолгой" ХК 2019 оны эхний улиралд 8.4 сая тонн нүүрс олборлоод, 8.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Хагас жилийн байдлаар нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, 677 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж төлөвлөгөөгөө 25-50 хувиар давуулан биелүүлсэн. Компани ашигтай ажилласан бол ноогдол ашиг өгөх ёстой. Ноогдол ашиг олгох журам батлуулах, 2019 оны ашгаас ноогдол ашиг тараах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллахыг Засгийн газар үүрэг болгосон. Төсөл хөтөлбөрүүд маань хэрэгжвэл ноогдол ашиг 2-3 дахин нэмэгдэх учир хийх ажил их байна. Манай компани анхны болон дунд хугацааны хөрөнгө оруулалтыг бие дааж хийх чадалтай болсон. Харин дараа дараагийн шатны хөрөнгө оруулалтаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийж, 1.2 буюу түүнээс дээш тэрбум ам.долларын санхүүжилт босгох замаар шийдэхээр ажиллаж байна” гэв.


Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар тээвэрлэх голлох ачаа нь Тавантолгойн бүлэг орд орчмын коксжих болон эрчим хүчний нүүрс байх юм. 107 вагонтой галт тэргийг хоёр цагт ачих бөгөөд хоногт 12 галт тэрэг ачихаар төлөвлөсөн. Энэ нь жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтойг хэлж байгаа юм. Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт хүртэл ачаатай галт тэрэгний аяллын хугацаа дөрвөн цаг байх аж. 


Холбоотой мэдээ