Ерөнхий сайдаас гадна гурван сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-06 21:15:50

УИХ-ын Төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөл нь нийт 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд, Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Сангийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Бусад тохиолдолд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ. Мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд энэ хуулийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд шинээр томилогдсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Дараа нь “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан УИХ, байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуульд УИХ-аас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас нэр бүхий гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7-92.9 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтов.

Холбоотой мэдээ