"Бид мартахгүй" үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-22 16:01:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Монгол цэргийн музей өнөөдөр "Бид мартахгүй" үзэсгэлэн нээлээ.

Нээлтэд БХЯ, Зэвсэгт хүчний удирдлагууд, ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл, түүхч, судлаачид, иргэд оролцов. 

Үзэсгэлэн Халх голын байлдааны оршил хэсэг, үндсэн үе болон төгсгөл хэсэг гэсэн бүтэцтэй, түүх, эрдэм шинжилгээний, лавлагаа мэдээлэл, танин мэдэхүйн олон баримт, гэрэл зургууд, архивын эх материал, дайнд оролцож байсан Улсын баатар Ш.Гонгор, маршал Х.Чойбалсан, залуу жанжин Ж.Лхагвасүрэн нарын өмсөж байсан хувцас, хэрэглэл зэрэг 100 гаруй үзмэр дэлгэн тавьжээ.

Залуу уран бүтээлчид, түүхчдийн хамтын бүтээл Халх голын дайны гол талбарын нэг "Баянцагааны тулалдаан"-ыг  бодит юм шиг харуулсан макетыг үзэгчид ихэд сонирхож байв. Энэхүү байлдааны макетыг бараг зургаан сар урлажээ. Улсын баатар Л.Дандар, С.Данзанваанчиг, Л.Гэлэгбаатар, ЗХУ-ын баатар И.М.Ремизов, В.Ф.Спобарихин, Я.В.Смукевич нарын цээж баримлыг шинээр бүтээсэн байна. Мөн Халх голын дайнаас тодорсон улсын баатруудын зурагт самбарыг эл үзэсгэлэнд анх удаа байрлуулсан байв. Халх голын дайнаас Ш.Гонгор, Л.Дандар, Ж.Лхагвасүрэн, Ч.Дугаржав, С.Төмөрбаатар, В.Шарав, Л.Гэлэгбаатар, Ц.Олзвой, Н.Жамбаа, П.Чогдон, Э.Шийлэг, Д.Гуулин, Д.Хаянхярваа, И.В. Федюнинский, Д.Самдан, Д.Нянтайсүрэн, М.Экей, Г.К.Жуков, Д.Гунгаа, П.Шагдарсүрэн нар улсын баатар болсон билээ.


Музей үзэгчдийн дунд Халх голын дайнд оролцсон 16 сувилагчийн нэг, Дорнод аймгийн Баяндун сумын уугал Цэрэнгийн Чимидцэрэн гуайтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Өдгөө 95 настай тэрбээр, "Анх 1939 оны тавдугаар сард Халх голын анхны тулалдаануудыг харсан. Бидний 16 сувилагчийн хоёр нь 14 настай, мөн хоёр нь 15 настай /түүний нэг нь өөрөө/ бусад нь 16-22 настай охид, бүсгүйчүүд байв. Эмээ нь маргааш Дорнод аймаг руу ниснэ. Тэнд очоод Халх голын ялалтын 80 жилийн ойн ёслолд оролцоно. Нэг их баярлан догдолж хүлээж байгаа юм байна. Халх голын 75 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй зургаа авахуулсан. Даанч одоо болтол зураг нь олдоогүй. Тиймээс энэ жил 80 жилийн ойгоор зургаа дахиад авахуулмаар байна. Энэ л сайхан явдал болно гэж хүлээж байна" гэж хуучлав.




Холбоотой мэдээ