Монгол дайчдын хөшөөнд "Мөнхийн гал" асаав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-25 18:46:29

Дорнод /МОНЦАМЭ/ Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн тэмдэглэлт өдрүүд Дорнод аймагт эхлээд байна. Тус аймгийнхан өчигдөр Монгол дайчдын хөшөөнөө мөнхийн гал асаасан юм. 

Мөнхийн галыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич нар асаасан. Тэмдэглэлт эдгээр өдрүүдэд Монгол дайчдын хөшөөнд мөнхийн галаа бадраан хүндэт харуул зогсох аж. 

Тус аймагт энэ өдрүүдэд Монгол, Орос цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” хээрийн сургуулилт болж байгаа. Хээрийн сургуулилтад оролцож буй ОХУ-ын цэргийн дуу бүжгийн чуулгынхан 8 дугаар сарын 25-ны өдөр Чойбалсан хотынхонд зориулан тоглолтоо үзүүлэх бол 8 дугаар сарын 27-нд хамтарсан цэргийн хээрийн сургуулилт болж, 8 дугаар сарын 28-нд үзүүлэх тоглолт, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн дэлгэнэ. 

Харин Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг Халхгол суманд 9 дүгээр сарын 2-4-ний өдөр тэмдэглэж, Халхгол шинэ сум төсөл “Сум дундын төв”-ийн бүтээн байгуулалтыг хүлээн авах нээлтийн ажиллагаа болно. 

Холбоотой мэдээ