Агаараас эрэн хайх, аврах анги байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-21 17:10:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Агаараас эрэн хайх, аврах анги шинээр байгуулахаас гадна зарим сумдад Гал унтраах, аврах анги, бүлэг байгуулахаар шийдвэрлэв.



Тодруулбал, ОБЕГ-ын харьяанд Агаараас эрэн хайх, аврах анги, мөн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв байгуулахаар болжээ. Мөн Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Эрэн хайх, аврах салбар нээхээр шийдвэрлэв. Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Адарга сум, Жаргалтхаан сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Жаргалант сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлэг шинээр байгуулахаар боллоо. 


Мөн ОБЕГ-ын “Давтан сургалт, сэргээн заслын төв”-ийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги” гэж өөрчлөн, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлж, Увс аймгийн Онцгой байдлын газрын Улаангом сум дахь Эрэн хайх, аврах бүлгийг Эрэн хайх, аврах салбар болгон өргөтгөв.


Шинээр байгуулах агаараас эрэн хайх, аврах ангийг Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулах, Хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төвийг Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн барилга байгууламжийг ашиглан байгуулахаар зөвшилцөв. Харин Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлгийн барилгын асуудлыг тухайн аймаг, орон нутгаас төсөвт ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх аж.

Холбоотой мэдээ