Иргэний нисэхийн олон улсын хурал Монголыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-21 17:01:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Балбын нийслэл Катмандуд болж буй Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Ерөнхий захирлуудын 56-р хурал (DGCA-56) дээр Монголыг онцоллоо.

Тодруулбал, агаарын навигацийн чиглэлээр хийж буй үйл ажиллагааны талаарх тайланг идэвхтэй мэдээлж байгаа гэдгээр манай улсыг онцолсон байна. Олон улсын иргэний нисэхийн хурал 2 дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд эхний өдрийн хурлаар төлөөлөгчид өнгөрсөн жилийн хуралдаанаас хойш хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. 

Энэ үеэр Энэтхэгийн төлөөлөгчид нисэх буудалд шинэ технологи ашиглан зорчигчдыг хурдан шуурхай нэвтрүүлэхэд анхаарах талаар санал дэвшүүлсэн байна. Мөн БНХАУ-ын төлөөлөгчид иргэний нисэхийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих байцаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж сургах тал дээр боловсон хүчний нөөц дутагдалтай байгааг хэлж байв.
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/ ч 
иргэний нисэхийн үйлчилгээг хялбаршуулахад бүх улс орныг шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг уриалжээ. Энэ мэтчилэн хуралдааны гол сэдэв хүний нөөц, дэвшилтэт технологийг ашиглан улс орнууд хоорондоо уялдаа холбоотой ажиллахад чиглэж байна.

Ази, Номхон далайн бүс нь олон улсад хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутаг. Тиймээс энэ бүсэд нислэгийн хөдөлгөөн удирдагч, агаарын хөлгийн инженер, нисгэгч, агаарын навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний сайжруулалтыг шаардаж байна. Үүнд улс орнууд дор бүрнээ бус хоорондоо илүү холбоотой хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулцгаая гэсэн саналыг олон улсын иргэний нисэхийн чуулганаас дэвшүүлж байна.


Хуралдааны төгсгөлд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа буюу FAA чуулганд оролцогч орнуудын нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж Boing737-800 МАХ агаарын хөлгийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ