Төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтавын төрсөн нутагт яруу найргийн наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-21 18:14:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэвэгмидийн Гайтавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Их найрагчийн нутагт" яруу найргийн наадам ирэх 9 дүгээр сарын 6-9-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд болно.

Наадамд оролцох яруу найрагчдын бичмэл шүлгийг 9 дүгээр сарын нэгэн хүртэл МЗЭ-ийн байранд хүлээн авч байна. Шалгарсан 20 яруу найрагчийг Богд сумын Ялаатайн 6 дугаар багийн нутаг дахь Гэгээтийн хөндийд болох морин аялалд оролцуулах юм. Ц.Гайтавын төрсөн нутагт шилдэг шүлгийг шалгаруулан нэгдүгээр байрын эзнийг нэг сая төгрөг, хоёрдугаар байрын эзнийг 800,000 төгрөг, гуравдугаар байрын эзнийг 600,000 төгрөгөөр шагнаж өргөмжлөл олгоно. Мөн хоёр тусгай байрыг шалгаруулан тус бүр 300,000 төгрөг, өргөмжлөл олгох аж. Энэхүү наадмыг МЗЭ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хөгжимт драмын театр, Богд сумын ЗДТГ, дунд сургууль хамтран зохион байгуулж байна. 



Ц.Гайтав 1929 онд Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт малчны гэрт төржээ.
Бага дунд сургууль, Санхүү эдийн засгийн техникум, УБДС төгссөн. Ц.Гайтавын "Шүлгүүд", "Улаан туг", "Гэрэлт хөшөө","Карл Маркс", "Сайхан эх орон" зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлэгдсэн юм.
Шилдэг бүтээл туурвисан учир 1961 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1967онд МЗЭ-ийн шагнал, 1971 онд МХЗЭ-ийн шагнал, 1979 онд БНМАУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Холбоотой мэдээ