"Надтай үлдээч" жүжгээр намрын тоглолтоо нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-20 17:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театр намрынхаа тоглолтын салхийг ирэх есдүгээр сарын эхээр хагалах шинэ жүжгийнхээ бэлтгэлд оржээ. Зохиолч О.Элбэгтөгсийн “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” зохиолыг залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулах юм байна. 

Тус жүжгийн гол дүрд МУСТА Б.Шинэбаяр, Д.Асардарь, бусад дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, МУСТА О.Гэрэлсүх, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл, Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид тоглоно.

Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач МУСТА Ч.Батболд, хувцасны зураач МУСТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч МУСТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолч Ж.Батдөл, дууны найруулагч МУСТА Б.Батсайхан нар ажиллаж байна.

Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлнэ. Шинэ жүжиг есдүгээр сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм.

Холбоотой мэдээ