Барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-20 18:11:39

Дорнод/МОНЦАМЭ/. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр импортыг орлох тоосго, цемент үйлдвэрлэгчдийг дэмжих захирамж гаргажээ. 

Тус аймагт цементийн үйлдвэр байхгүй. Харин тоосгоны үйлдвэр цөөхөн байдаг ч стандартын шаардлага хангахгүй байгаа юм. Аймгийн барилгын компаниуд бусад аймгаас болон урд хөршөөс 200 гаруй төгрөгийн үнэтэй нэг ширхэг тоосго авахад тээвэрлэлтийн зардал нэмэгдэж 400 гаруй төгрөг болдог аж.

Харин орон нутагтаа тоосго, цемент үйлдвэрлэж чадвал орон сууцны үнэ буурна гэж үзэж байна. Дорнодод орон сууцны үнэ жил ирэх тусам нэмэгдэж буй бөгөөд одоогийн байдлаар ам метр нь  1 сая 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж. 

Дээрх захирамжийн дагуу тоосго, цементийн үйлдвэр байгуулах иргэд, аж ахуй нэгжид газар хөнгөлөлттэй үнээр олгох, төсвийн хөрөнгөөр дэд бүтэц цахилгаанд холбох зэрэг дэмжлэг үзүүлэх гэнэ. 

Холбоотой мэдээ