Украиныг ЕХ-нд нэгтгэх тухай санал асуулга Нидерландад болж байна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-04-06 13:45:12

ГААГ. /TASS/. Украин улсыг Европын Холбоонд /ЕХ/ нэгтгэх тухай гэрээг батлах асуудлаарх бүх нийтийн санал асуулга Нидерландад болж байна. Санал хураах 6300 орчим байр орон нутгийн цагаар 07 цаг 30 минутад орон даяар нээгдэж, 21 цагт хаагдах аж.

Санал хураах байрууд хаагдсаны дараа саналын хуудсыг тоолж эхэлнэ. .

Энэ удаагийн санал асуулгын хуудсанд “Та ЕХ-нд Украиныг нэгтгэх тухай гэрээг батлахыг зөвшөөрч байна уу, эсвэл эсэргүүцэж байна уу?” гэсэн асуултыг иргэдэд тавьжээ. Бүх нийтийн санал асуулга нь зөвхөн хэлэлцүүлэг зөвлөлдөөний шинжтэй учраас Засгийн газар санал хураалтын дүнг заавал харгалзан үзэх ёстой гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч санал асуулгын дүнгээс нэлээд зүйл хамаарах магадлалтай.

Үйл явдал цаашид хэрхэн өрнөх вэ гэдэг тал дээр гурван боломжит хувилбар байна. Хэрэв санал хураалтын ирц 30 хувьд хүрэхгүй бол санал хураалт явагдаагүйд тооцно, хэрэв 30 хувиас давбал олонхийн саналыг харгалзан дүнг гаргана.

Хэрэв бүх нийтийн санал хураалт хүчингүйд тооцогдох эсвэл Украиныг ЕХ-нд нэгтгэхийг дэмжигчид ялбал дээрх гэрээг батлахын тулд Засгийн газар тогтоол гаргахад л хангалттай. 

Харин хэрэв Нидерландын ард иргэд эсэргүүцсэн санал өгвөл байдал бүр ярвигтай болно. Тус улсын бүх нийтийн зөвлөлдөх санал хураалтын тухай хуульд заасны дагуу, энэ тохиолдолд Засгийн газар парламентдаа хандах ёстой. Тухайлбал, Засгийн газар ард иргэдийн хүсэл эрмэлзлийг үл харгалзан уг гэрээг батлахыг парламентад зөвлөж магадгүй, эсвэл гэрээг батлахаас татгалзах саналыг тавьж магадгүй аж.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ