Монгол-Америкийн стратегийн түншлэл - ирээдүйн харилцааны бат бэх суурь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-08-16 18:32:48

    Монгол Улс ба АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших өнгөрсөн 32 жилийн хугацаанд хоёр орны харилцааны түвшин зогсолтгүй ахисаар шинэ шатанд гарлаа. Тодруулж хэлбэл, 7 дугаар сарын 29-нээс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр баталсан Хамтарсан тунхаглалд хоёр талын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан юм.


    АНУ-тай харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй Гуравдагч хөршийн бодлогод суурилсан маш чухал харилцаа билээ. Энэ харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байна. 


    АНУ дэлхийн 16 улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын явцад Америкийн тал манай улсыг 17 дахь стратегийн түншээрээ сонгосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөлөө гэж шинжээчид дүгнэж байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үеэр хоёр тал Стратегийн түвшний өмнөх үе шат буюу “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийг тогтоож байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа харилцаа ийнхүү бүхэл бүтэн нэг шатаар ахилаа. Гэхдээ хоёр талын харилцаа шуудхан стратегийн түвшинд хүрчихсэн гэж үзэж болохгүй юм.


    Учир нь, хоёр тал 2007 онд Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай тунхаглал баталсан нь харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлсон анхны баримт бичиг байсан бөгөөд түүнд тулгуурлан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хоёр тал Хамтарсан мэдэгдэл гаргаж, харилцаагаа Эдийн засгийн өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцсон билээ. Өнгөрсөн хугацаанд манай улсын өмнөх дөрвөн Ерөнхийлөгч бүгд бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-д албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд айлчлалуудын явцад хамтарсан мэдэгдлүүд гаргаж, хоёр талын харилцааны үндсэн зарчмуудыг баталгаажуулж байв.


    Стратегийн түншлэл /Strategic partnership/ бол тухайн хоёр улсын хүрч болохуйц хамгийн өндөр дээд түвшний харилцаа бөгөөд стратегийн түншлэгчид нь нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд биет болон оюун санааны нөөцөө харилцан хуваалцах талаар урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан талууд юм.


    Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын явцад манай улстай стратегийн түншлэл бүхий тав дахь улс нь АНУ боллоо. Өмнө нь Монгол Улс ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн 4 улстай стратегийн түншлэлийн харилцаатайгаас Хятад улстай стратегийн иж бүрэн түншлэл тогтоогоод байв.


    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тухайд “Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй байсан. Үүн дээр АНУ нэмэгдэж байгаад баяртай байна. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой” гэсэн юм.


    Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын талаар Оросын шинжээч С.Лузянин дүгнэн бичихдээ “Хятадтай сөргөлдөж буй америкчуудын хувьд Орос, Хятадын дунд орших стратегийн чухал байрлалтай Монголтой харилцаагаа бэхжүүлэх нь нэн чухал юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Америкт хийж буй айлчлал нь хоёр хөрштэйгээ харилцах харилцаанд тэнцвэрийг хайж, гуравдагч хөршийн бодлогодоо ахиц гаргасан үйл явдал байлаа” гэжээ. 

     

          Стратегийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь 


    Манай улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үйл явцыг АНУ тууштай дэмжиж, шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад байнга тусалж ирсэн бөгөөд ардчиллын зарчмуудыг дээдэлдэг хоёр улсын хооронд харилцан итгэлцэл гүнзгийрч байгаа билээ. Одоо үүн дээр тулгуурлан дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улстай эдийн засгийн харилцаагаа тэлэх нь Монгол Улсын хувьд маш чухал болж байна. Хоёр талын харилцаа улс төрийн хувьд өндөр түвшинд хүрсэн боловч эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ нэн чамлалттай байгаа. 2018 оны байдлаар АНУ-тай хийж буй худалдааны хэмжээ манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн дөнгөж 1.7 хувийг эзэлж байгаа нь үүнийг гэрчилнэ.


    Одоо нэгэнт Стратегийн түншлэл буюу ирээдүйн харилцааны бат бэх суурь тавигдсан учраас үүн дээр дөрөөлөөд эдийн засгийн харилцаагаа илүү амьд бодитой болгох боломж бүрэлдэж байна. Гэхдээ Стратегийн түншлэл гэдэг нь мөнгөөр хэмжигдэх зүйл биш бөгөөд ийм түншлэл тогтонгуут  Америкаас хөрөнгө оруулалт цутгаж, арилжаа наймаа өргөжинө гэж ойлгох нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл, стратегийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулахын тулд манай тал идэвх санаачилгатай ажиллах шаардлага урган гарч байна.


    Хоёр улсын хооронд байгуулсан “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр” зэрэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн суурийг бүрдүүлж байна. Түүнээс гадна АНУ-ын Конгресс “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлаваас хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэх юм. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүйгээр гаргах боломжийг олгох дээрх хуулийн төслийг Тэд Иохо тэргүүтэй Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын 40 гишүүн  өргөн бариад байгаа билээ.


    Айлчлалын үеэр манай улсын төрийн тэргүүн болон Ерөнхийлөгч Д.Трамп нар цаг сунган ярилцахдаа стратегийн түншлэлдээ тулгуурлан хоёр улсын эдийн засгийн харилцааг бодит агуулгаар  баяжуулахад чиглэсэн прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголоос АНУ-д ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй гаргахад тусална уу” гэсэн хүсэлтийг Америкийн талд тавихдаа Ерөнхийлөгч Д.Трампад уг асуудлын утга учрыг сайтар тайлбарлан ойлгуулжээ. Уулзалтын явцад Ерөнхийлөгч Д.Трамп “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Конгрессийн бусад гишүүд дэмжих магадлал өндөр байна. Ийм учраас уг хууль ирэх 9 дүгээр сард батлагдах болов уу гэж найдаж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд илэрхийлжээ.


    Хууль батлагдсан тохиолдолд монголчууд бид ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүнээ АНУ-д татваргүйгээр экспортлох бөгөөд ингэснээр Монголын 200 мянган малчин өрхийн 800 мянган хүний орлого баталгаатай болно. Одоогоор манай улс жилд 9 мянган тонн ноолуур, 23-25 мянган тонн ноос бэлтгэдэг ба ноолуурынхаа дөнгөж 10 гаруйхан хувийг дотооддоо боловсруулж байгаа бол дээрх хууль батлагдсанаар 100 хувь боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж нээгдэнэ. Үүний үр дүнд 40-50 мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдэл, ядуурал буурна. Ноос ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгохын сацуу нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж үлдэх нийгэм, соёлын ихээхэн ач холбогдолтой.  Хууль батлагдах нь уул уурхайгаас хэт хамааралтай байгаа Монголын эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулахад чухал алхам болох билээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар урьд нь бизнес эрхэлж байсан учраас аливаа шийдвэрийг гаргахдаа асуудлыг углуургаар нь харж, ил шулуун ярилцаж, аливаад прагматикаар ханддаг зэрэг давуу талууд тэдэнд бий. Ийм учраас Монголын эдийн засагт нэн чухал дээрх асуудал шуурхай шийдэгдэнэ гэсэн итгэл төрж байна.


    Айлчлалын үеэр манай бизнесийнхэн хоёр талын харилцааны уур амьсгал, цаг үеэ мэдрэн овсгоотой ажиллаж эхэлжээ. Тухайлбал, Монголын “Gobi Cashmere” компани ирэх сард Сан-Франциско, Лос-Анжелес хотуудад салбараа нээх гэж байгаа тухай Eurasia Daily сонинд бичсэн байна.

     

                                      Монголд хамаатай бусад боломж

    Стратегийн түншлэл тогтоосны өөр бусад давуу тал бий. Тодруулбал, АНУ-ын зүгээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 60 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлан мэдэгдсэн. Үүний зорилго нь Ази, Номхон далайн орнууд, тэр дундаа түнш орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд оршино. АНУ-тай Стратегийн түншлэлтэй орны хувьд Монгол Улс уг хөрөнгө оруулалтаас багахан хэсгийг ч болов өөртөө татахын тулд санаачилгатай ажиллах ёстой болж байна. Үүнд Стратегийн түншлэлийн харилцаа тус дөхөм болно гэдгийг ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх онцоллоо.


    АНУ-ын зүгээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт явуулах бодлогыг тодорхойлж тус улсын Батлан хамгаалах яамнаас гаргасан “Индо–Пасифик стратегийн баримт бичиг”-ийн 4.2-т “Япон, Өмнөд Солонгос, Австрали, Филиппин болон Тайланд улстай холбоотны харилцаагаа цаашид улам бэхжүүлэх нь чухал” гэдгийг дурдаад Ази-Номхон далайн бүс нутаг дахь стратегийн ач холбогдолтой улсуудыг нэрлэсэн байна. Тэдгээрийн тоонд Сингапур, Шинэ Зеланд, Монгол Улс болон Тайвань багтжээ. Уг баримт бичигт Шинэ Зеланд 17 удаа, Сингапур 15 удаа, Монгол Улс 17 удаа, Тайвань 30 удаа дурдагдсан нь тухайн гурван улс болон Тайвань нь Индо-Пасифик бодлогод үндсэндээ адилхан байр суурь эзэлж буйг илтгэн харуулж байгаа


    Түүнээс гадна, өнгөрсөн онд Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг зурсан "Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай” /BUILD Act /Better Utilization of Investments Leading to Development/ хуулиар олгогдож буй боломжуудыг оновчтой ашиглах нь зүйтэй. Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлт, дэд бүтцийн хөгжил, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг заалтуудыг уг хуулинд оруулсан ба АНУ-ын Хөгжлийн санхүүжилтын корпораци хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээжээ. АНУ-ын зүгээс хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих, тогтвортой байдлыг хангах, иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжихэд илүү уян хатан хандана гэсэн нь уг хуулийн гол үзэл баримтлал юм.


    Эцэст нь товчхон дүгнэхэд, Монгол-АНУ-ын харилцааг шинэ түвшинд буюу Стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал Монгол Улсын хувьд асар их ач холбогдолтой үйл явдал байлаа. Хоёр тал улс төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал болон нийгмийн хүрээнд хамтран ажиллах бат бэх суурь дэвсгэрийг тавьж, Монгол-Америкийн харилцааг шинэ шатанд гаргасан уг айлчлалыг “түүхэн” гэж тодотговоос хэтрүүлсэн дүгнэлт болохгүй.


    Монгол Улсын төрийн тэргүүний айлчлал өндөрлөснөөс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал эрхэлсэн туслах Маниша Сингх нар манай улсад айлчиллаа. Энэ нь АНУ-ын төр засгаас Монгол Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаагаа чухалчлан үзэж, Вашингтонд хийсэн тохиролцоогоо бодит ажил хэрэг болгох хүсэл эрмэлзэлтэй байгаагийн илрэл гэж үзэж болох юм.  


    Б.Адъяахүү

     

     

     

     

    Холбоотой мэдээ