БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-16 10:34:08

ПЁНЬЯН. /BBC/. БНАСАУ цаашид БНСУ-тай хэлэлцээ хийхээс татгалзаад, БНСУ-ын үйл ажиллагааны улмаас ийм шийдвэр гаргахад хүрлээ гэж мэдэгджээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний пүрэв гарагт хэлсэн үгийн хариуд БНАСАУ-ын Энх тайвнаар нэгдэх хорооноос дээрх мэдэгдлийг хийсэн байна. Мөн БНАСАУ өнөө өглөө зүүн эргээсээ хоёр пуужин харвасан гэж БНСУ-ын Зэвсэгт хүчин мэдээлжээ. БНАСАУ сар хүрэхгүйн хугацаанд ийм төрлийн зургаа дахь туршилтыг явуулж буй нь энэ юм.


Энэхүү үйл явдлаас зургаан хоногийн өмнө БНАСАУ Япон тэнгис рүү богино зайн тусгалт баллистик пуужин харвасан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн зургадугаар сард уулзаж, цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсоноос хойш дээрх туршилтуудыг хийжээ.


Солонгос улс Японы дэглэмээс чөлөөлөгдсөний ойг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч өчигдөр мэдэгдэхдээ, Солонгосын хойгийг 2045 он гэхэд нэгтгэнэ хэмээгээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилт “хамгийн эгзэгтэй цаг үе”-д ирээд байна гэжээ.


Харин БНАСАУ-ын хариу мэдэгдэлд БНСУ яг энэ цаг мөчид ч цэргийн хамтарсан сургуулиа үргэлжлүүлсээр байгаа тул энх тайван эдийн засаг хийгээд энх тайван дэглэмийн талаар үг цухуйлгах ч эрхгүй хэмээн тэмдэглэсэн байна.


АНУ-БНСУ-ын талууд цэргийн хамтарсан сургуулиа үргэлжлүүлэн явуулсаар байгааг эсэргүүцэж буйгаа БНАСАУ-ын засаг захиргаа удаа дараа илэрхийлсээр ирсэн бөгөөд тэд энэ төрлийн үйл ажиллагаа нь БНАСАУ-ын удирдагч болон АНУ, БНСУ-ын төрийн тэргүүн нарын байгуулсан хэлэлцээрүүдийг зөрчиж байна хэмээн үздэг ажээ. 

Холбоотой мэдээ