Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-15 15:14:33

СТОКГОЛЬМ. /TASS/. Данийн эрдэмтэд хламидын халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг амжилттай туршсан тухай “Politiken” сонин мэдээлэв.


Данийн Ийлдэс судлалын хүрээлэн, Лондоны эзэн хааны коллежийн ажилтнууд шинэ бэлдмэлийг Их Британийн 35 оршин суугчид туршсан бөгөөд туршилтын үр дүн найдаж байснаас илүү байжээ. Төсөлд оролцсон бүх хүмүүст эерэг нөлөө үзүүлсэн байна.


Данийн судалгааны хүрээлэнгийн хэлтсийн дарга Франк Фольман жинхэнэ үсрэлт хэмээн тодорхойлсон судалгааныхаа дүнг “The Lancet Infectious Diseases” сэтгүүлд танилцуулжээ. “Энэхүү  туршилт  нь хламидиоз өвчний вакциныг бүтээх анхны алхам болно гэж найдаж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Сүүлийн жилүүдэд Дани улсад 33.5 мянган хүн хламидиозоор халдварласан бөгөөд энэ нь өдөрт 90 гаруй хүн тус өвчний халдварыг авч байна гэсэн үг юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ өвчин тархах түгээмэл хандлага ажиглагдаад байгаа аж. Дэлхий дахинд жил тутам 131 сая хүн энэхүү бэлгийн замын халдварт өвчнийг тээгч болдог байна.


Данийн Клиник микробиологийн эмнэлгийн профессор Видовре Хекрик Вестийн тооцоолсноор, энэхүү шинэ бэлдмэл нь зах зээлд 5 жилийн дараа гарч магадгүй байна.


Холбоотой мэдээ