Ким Жөн Ун, В.Путин нар ил захидал солилцжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-15 12:25:06

ТОКИО. /РИА Новости/. ЗХУ-ын цэргүүд Солонгосыг чөлөөлсний 74 жилийн ойн баярыг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар баяр хүргэсэн ил захидал солилцжээ.


Хоёр улсын удирдагчийн өнгөрсөн 4 дүгээр сард Владивосток хотод хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт бэхжүүлж, Солонгосын хойгт энх тайван байдал тогтооход тус болно гэдэгт итгэлтэйгээ байгаагаа В.Путин ил захидалдаа дурджээ. 


Харин Ким Жөн Ун ил захидалдаа “Хоёр улсын найрамдлын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбарт илүү өндөр түвшинд өргөжин хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэжээ. 


Өнгөрсөн 4 дүгээр сарын 24-26-нд Ким Жөн Ун Орос улсад албан ёсны айлчлал хийж, В.Путинтэй яриа хэлэлцээ хийсэн  юм.


Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос Улсын цэргүүд 1945 оны 8 дугаар сарын 15-нд Солонгосыг Японы колончлолоос чөлөөлж байжээ.  

Холбоотой мэдээ