“Ногоон нуур-1008 айлын орон сууц” барих газрыг чөлөөлж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-08-14 15:39:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг БХБЯ БНХАУ-ын талтай үзэглэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлаад байна.

Ирэх оны дөрөвдүгээр сард шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй дээрх төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга барих юм. Мөн авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалт өрнүүлнэ.




Төслийн хүрээнд манай улс тухайн хорооллыг барих газрыг чөлөөлж, зураг төслийг бэлэн болгох үүрэг хүлээж байна. Мөн шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэж, төслийн барилгажих талбайг бэлтгэх, инженерийн хангамжийг хариуцах юм. Энэ талын Ажлын багийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулаад байна. Ажлын баг өчигдөр анхны хуралдаанаа хийж газар чөлөөлөх, иргэдийг түр суурьшуулах болон инженерийн хангамжийн талаар хэлэлцлээ. Тухайн хэсэгт одоогоор 10 айл газраа чөлөөлөөгүй байна. Тиймээс ойрын хугацаанд оршин суугч, иргэдтэй уулзаж, зөвшилцөх замаар газар чөлөөлөх, тухайн өрхүүдийг өөр газарт түр суурьшуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх, дэд бүтцийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай талбайг бэлэн болгохоор боллоо.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих юм.


Холбоотой мэдээ