Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-08-14 13:43:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа.


Элчин сайд Филип Малон “Манай хоёр орны харилцаа олон жилийн турш тогтвортой хөгжиж байгаад таатай байна. Улаанбаатар хот хөгжихийн хэрээр олон асуудлуудтай тулгарч байна. Лондон хот мөн адил олон саад бэрхшээлтэй тулгардаг. Манай улс эрчим хүчний 20 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг. Монгол Улсын хувьд түүхий нүүрс хэрэглэснээр нүүрсхүчлийн хийг агаарт ихээр ялгаруулж байна. Үүнийг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүч, нэн ялангуяа нар, салхины нөөцөө ашиглах нь чухал. Монголын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Манай улсад олон монгол залуу дээд боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай” хэмээв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байна. Бид агаарын бохирдол, хот төлөвлөлт, замын түгжрэл, орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Хот өргөжиж тэлэхийн хэрээр төвийн шугамд холбоогүй айлуудын тоо ихэсч, агаарын бохирдол улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газрын тогтоолоор нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглон, сайжруулсан шахмал түлш нийлүүлэх болсон. Агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал. Бид боломжийн үнээр сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүдээр түгээх юм” хэмээн онцоллоо.


Түүнчлэн тэрбээр боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх барилга байгууламжийг нэмэхд НЗДТГ-аас анхаарч ажиллаж байгааг дуулгаад, нийслэлийн иргэд байнгын тогтмол орлоготой байх нь чухал учраас эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлж ажлын байрыг бий болгоход анхаарч байна гэв.

Холбоотой мэдээ