Атамбаевыг төрийн эргэлт хийх гэж байсан хэмээн буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-13 15:45:20

БИШКЕК. /TASS/. Энэ сарын 8-нд баривчлагдсан Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын Улсын хорооны /ҮАБУХ/ тэргүүн Орозбек Опумбаев Бишкект болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Атамбаев төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан. Төрийн тэргүүнийг түлхэн унагах зорилгодоо энгийн иргэд шархадсан тухай мэдээллийг ашиглахын тулд баривчлах ажиллагаа явуулах үеэр өөрийгөө хамгаалахад хүүхэд, эмэгтэйчүүдийг зориудаар ашигласан” гэж тэрбээр мэдэгджээ. “Атамбаев үүнд л бэлтгэж байсан” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Опумбаевын хэлснээр, Атамбаевыг баривчлах ажиллагаанд оролцсон тусгай хүчний цэргүүд рүү түүний харшаас илрүүлсэн зэвсгээр гал нээжээ. “Түүний гэрээс янз бүрийн төрлийн маш олон зэвсэг олдсон. Атамбаев баривчлах ажиллагаа явуулах үеэр миний залуус руу зургаан удаа буудсан гэдгээ хүлээсэн” гэж ҮАБУХ-ны тэргүүн хэлжээ.


Лхагва гарагт Киргизийн Ерөнхийлөгч асныг баривчлах ажиллагаа явуулах үеэр дэмжигчдэд нь хүчтэй эсэргүүцсэн юм. Тусгай хүчнийхэн Атамбаевыг дэмжигчдийн эсрэг резинэн сум зэрэг тусгай хэрэгсэл хэрэглэсэн бол хариуд нь тэд гал нээжээ. Энэ үеэр тусгай хүчний нэг цэрэг амиа алдаж, 136 хүн гэмтэж, шархадсан байна.


Удаан хугацаанд хэлэлцээ хийсний эцэст Атамбаев пүрэв гарагийн орой бууж өгсөн юм.


Холбоотой мэдээ