Ким Жөн Ун шинэ зэвсэг бүтээхэд оролцсон эрдэмтдийг шагнажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-13 12:11:36

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун шинэ зэвсэг бүтээхэд оролцсон эрдэмтдэд цэргийн цол олгосон байна.


“Цэргийн шинжлэх ухааны салбарт болон улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан 103 эрдэмтэнд Ким Жөн Ун шинэ цол олголоо. Тэрбээр “технологийн ярвигтай асуудлыг шийдэж”, үндэсний батлан хамгаалах үйл хэргийг “эргэлтийн үе шатанд” гаргах боломж олгосонд талархаж буйгаа эрдэмтдэд илэрхийллээ.” гэж KCNA агентлаг мэдээлжээ. 


Өмнөд Солонгосын ажиглагчдын онцлон тэмдэглэснээр, БНАСАУ-д энгийн иргэдийн хувьд цэргийн цол олгох нь хамгийн дээд шагнал бөгөөд тэдний гавьяа зүтгэлийг тус улсын удирдлага хүлээн зөвшөөрч байгааг нотолж байна.


Өнгөрсөн сард БНАСАУ ойрын зайн тусгалтай хэд хэдэн баллистик пуужин харвасан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 10-нд дахин пуужин туршсан. Түүнчлэн тус улсын удирдагч Ким Жөн Ун баллистик пуужин тээх, харвах чадалтай шинэ шумбагч онгоцыг үзэж шалгасан тухай мэдээлсэн билээ.


Холбоотой мэдээ