“Нийгмийг өөрчлөх боловсрол” залуусын хөгжлийн сарын аян эхлүүллээ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2019-08-12 15:51:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийгмийг өөрчлөх боловсрол” Залуусын хөгжлийн сарын аяныг энэ сарын 12-ноос ирэх сарын 25- хүртэл зохион байгуулах талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэв. 


НҮБ-аас жил бүрийн энэ өдрийг "Олон улсын залуусын өдөр" болгон тэмдэглэдэг аж. Тус өдрийг тохиолдуулан энэ жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, НҮБ-ын Хүн амын сан зэрэг залууст чиглэсэн ажил явуулдаг байгууллагууд хамтран тус аяныг зохион байгуулахаар төлөвлөжээ. 


Тус аяны хүрээнд 10 гаруй томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Хүчээ нэгтгэе” залуучуудын манлайлал, хөгжлийн үндэсний тавдугаар чуулганыг энэ сарын 20-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах юм. Мөн “Боломж” залуусын яармаг худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах “Эрүүл оюутан” хөтөлбөр, өсвөр насныхан болон, ахлах ангийханд зориулсан “Мэргэжил сонголтын аян” өрнүүлэхээр төлөвлөжээ.


Бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролыг бүгдэд, ялангуяа залууст хүргэж, насан туршдаа суралцах боломжыг бүрдүүлэх, ингэхдээ тэдгээр залуучуудын оролцоо, хүчин чармайлтыг дэмжихийг чухалчлан тус аяныг зохион байгуулж буйг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир онцлов. Тэрбээр хэлэхдээ,  “2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын 34 хувийг залуус эзэлж байна. Тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48 хувьтай ба ажилгүйдлийн түвшин 15.3 хувьтай байсан. Залуусын хөгжлийн сарын аяны хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг, танилцуулах болох цуврал ажлыг ирэх сарын 25 хүртэл хийх юм. Эдгээр нь залуусын оролцоог дэмжиж, тэдний идэвх санаачилгад суурилсан байна” гэлээ.

Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ