Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-08-16 16:46:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Нөхөрлөл хөгжил туршлага судлах арга хэмжээ” нэртэй нөхөрлөлүүдийн туршлага судлах уулзалт хэлэлцүүлэг Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд энэ сарын 4-нд боллоо.

НҮБ-ын Ойн төслөөс санхүүжүүлсэн уулзалтаар нөхөрлөлүүдийн ажиллах нөхцөл, амжилт ололт, алдаа дутагдлын талаар хэлэлцсэн юм.

Нөхөрлөлүүдэд ойгоо давуу эрхээр хамгаалах, эзэмших эрх зүйн орчин байдаг боловч үйл ажиллагаагаа явуулахад хууль эрх зүйн орчин хангалтгүй байдаг аж. Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах, нөхөрлөлүүд нэгдэж тогтвортой үйл ажиллагаа явуулахад төрөөс бодлогоор дэмжих шаардлага байгааг уулзалтад оролцогчид онцолсон.

Тэд төр засаг, олон улсын байгууллагаас дэмжлэг хүсэх бус, харин хамгаалж буй ойн сангаа түшиглэн зөгийн аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, мод үржүүлгийг эрчимтэй хийж байнаТөслийн орон нутгийн зохицуулагчдын зарим төлөөллийн санал бодлыг хүргэе.


Төслийн Дархан-Сэлэнгэ дэх орон нутгийн зохицуулагч Д.Ганболд:

Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсныхаа төлөө ойгоос зохих хэмжээний ашиг хүртэх ёстой

 

-НҮБ-ын ойн төслин хэрэгжилт дуусах дөхөж байна. Дархан-Сэлэнгийг хариуцсан зохицуулагчийн хувьд энэ бүс нутаг төслийн үр өгөөжийг хэрхэн хүртсэн бол? Нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд яаж нөлөөлөв?

-Төслийн гол зорилго нь нөхөрлөлүүдийг бэхжүүлэх, чадавхижуулах. Нөхөрлөлүүд ойгоо зөвхөн хамгаалах бус, ойгоос зохих хэмжээний ашиг олох ёстой. Ингэж ашиг хүртэхийн тулд мэргэжлийн ажилчидтай болох, мэргэжлийн чиг баримжаатай болох учиртай.

Ойгоос авсан зүйлээ өртөг нэмсэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг болоход энэ  төслийн дэмжлэг оршиж байна.

Үзэсгэлэнд оролцож байгаа Дархан-Уул аймгийн нөхөрлөлийн гишүүн маань хусны нүүрс хийх сургалтад хамрагдсанаар үүнийг хийж сураад, олны хүртээл болгосон байх жишээтэй. Модны хаягдлаар ширээ сандал хийхээс гадна өөр зүйл хийж болно. Модны ур, хаягдлаар жижиг дурсгалын зүйл хийж байна.Төслөөс нөхөрлөлүүдэд  материаллаг дэмжлэг үзүүллээ.

Жишээ нь тэдний заримыг хусны нүүрсний тоног төхөөрөмжөөр хангаснаас гадна нөхөрлөлийн гишүүдийг чадавхижуулсан. Бэлэн загас өгөх биш барих арга барилыг нь заасан юм.

Мөн ойн ургамлыг танин мэдэх, үүнийг ашиглах шинэ сургалтыг хоёр удаа явуулсан. Хоёр аймагт хэрэгжүүлж буй төслийн 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт зөвхөн сургалтад зориулагдсан байдаг.

Нөхөрлөлөөс гадна ойн ангиудад төслөөс дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хоёр ойн ангид сургалт хийж зориулалтын тоног төхөөрөмжөөр хангалаа.Төсөл 2015 оны тавдугаар сараас эхэлсэн. Ирэх онд дуусна. Эхний жилүүдэд нөхөрлөлүүд зөвхөн ойгоо хамгаалахаас өөр бусад нарийн учрыг ойлгодоггүй байлаа. Төслийн явцад орон нутгийн удирдлагуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг болсон.

Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсныхаа төлөө ойгоос зохих хэмжээний ашиг хүртэж байх ёстой. Заавал нойтон мод огтлохдоо биш. Ямар модыг огтлох, ямарыг нь огтлохгүй байх талаар мэдлэгтэй болсон. Мэргэжилтэй ажилчдыг ч бэлтгэлээ. Энэ бол өөрөө хөрөнгө оруулалт. Мөн байгаль орчны ажилчдыг чадавхижуулах сургалтыг давхар зохион байгуулсан.  

-Нөхөрлөлүүд ойгоо хамгаалж, цэвэрлэх хаягдлаа ашиглах гээд их зүйлийг амжуулжээ. Ашиг орлого нь ямархуу байдаг бол? Хууль эрх зүйн орчин бүрдэж чадсан уу? Нөхөрлөлүүдийн ажиллах төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд гаргаж өгдөг гэж сонссон?

-Ойн санд явуулах үйл ажиллагааны зөвшөөрөл нь менежментийн төлөвлөгөөнд суурилсан байдаг. Үүнийг гол төлөв мэргэжлийн байгууллагуудаар хийлгэдэг байсан.Энэ нь учир дутагдалтай.Учир нь нөхөрлөлийн гишүүдийн оролцоогүйгээр мэргэжлийн хүний нүдээр хараад, нөхөрлөлийн гишүүдийн хийж чадахгүй юмыг төлөвлөсөн байх жишээтэй.

Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн инженерийн хийсэн төлөвлөгөөг байгаль хамгаалагч ойлгохгүй. Бид үүнийг яаж өөрчилсөн гэхээр нөхөрлөлийн гишүүдэд үүнийг хийх арга барилд сургаж, менежементийн төлөвлөгөөг боловсруулах сургалт явуулсан.

Эхний удаа гурван жилээр өөрсдөөр нь төлөвлөгөө хийх арга барилд сургаж дараа нь 16 нөхөрлөлд 10 жилээр менежментийн төлөвлөгөөг нь хийж өгсөн. Гишүүдийн өөрсдийн оролцоотойгоор, ойн судалгаа хөгжлийн төвтэй хамтран хийсэн.

Энэ маш чухал. Бид үүнийг хялбаршуулсан байдлаар хийсэн. Хуулиараа ойн нөхөрлөлүүд ойгоос унанги модыг авч ашиглах эрхтэй байдаг. Босоо модыг огтлох эрхгүй. Зөвхөн ойн цэвэрлэгээ хийх эрхтэй. Ийм хэмжээний хууль эрх зүйн орчин байгаа болохоор заавал мэргэжлийн газраар төлөвлөгөө хийлгэх шаардлага байхгүй.

Холбогдох зарим хууль тогтоомжид зохицуулалт хийж, дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ тал дээр бид ажиллаж байгаа. Тухайлбал ойд нэг, хоёрдугаар зэргийн огтлол хийлээ гэхэд нэг га-г 120 мянгаар хийдэг. Энэ  бол хаанаа ч хүрдэггүй. Энэ тарифыг өөрчлөхийн тулд бид мэргэжлийн байгууллагынхантай хамтраад ажлын зураг авалт хийгээд дууссан.

Ойд цэвэрлэгээ, арчилгаа хийхийн тулд Ойн ангиар талбай тусгаарлалт хийлгэдэг. Энэ тариф нөхөрлөл, мэргэжлийн байгууллага хоёр ижил 25 мянган төгрөгийн ханштай байдаг. Энэ шударга биш. Нөхөрлөлд ашиг гарах магадлал бага. Гэтэл мэргэжлийн байгууллага ашигтай ажиллаж болно. Энэ утгаараа хуулийн хүрээнд зохицуулах зүйл байна. 

  

Төслийн Булган аймаг дахь орон нутгийн зохицуулагч Д.Баярмаа:

Нөхөрлөлийн хийж байгаа ажлыг төр бодлогоор дэмжих хэрэгтэй

-Мод үржүүлгийн газартай нөхөрлөлүүд бүгдээрээ тарьц суулгацын нөөцтэй болсон байгаа. Ийм байхад ойжуулалтын ажлыг заавал мэргэжлийн байгууллага хийлгэхгүйгээр нөхөрлөлүүдийн чадамжид тулгуурлаад хуваарих юм бол энэ хамгийн том дэмжлэг. 

Нөхөрлөлүүд шинэс, нарс, хуайс, хайлаас, агч, чацаргана, гүйлс, буйлс, голтбор модыг үржүүлгийн талбайдаа тариалж, суурин газруудын ногоон байгууламжид нийлүүлдэг.

Мод үржүүлгийн талбайтай нөхөрлөлүүдийн гишүүд мэргэжлийнхнээс дутахааргүй мэргэшсэн байдаг.

Ойн нөхөрлөлүүдийн тариалсан модны суулгацыг орон нутгаас 500 хүрэхгүй шахам төгрөгөөр худалдан аваад, Улаанбаатарт хот оруулан 10000-15000 төгрөгөөр худалдаалж байгаа.Нөхөрлөлүүд газраа чөлөөлөхийн тулд суулгацаа хямд өгдөг. Харин сүүлийн үед дагнан модны суулгац тариалах бус өөр аж ахуйг хамт эрхлэх болсон.  

 

 “Гавилу унаган төрх” нөхөрлөлийн гишүүн Б.Отгонбаяр:

Мэргэжлийн байгууллага тарьсан модоо хамтарсан гэрээ байгуулан нөхөрлөлүүдэд өгч эзэнтэй болгох хэрэгтэй



-Нөхөрлөлийн үйл ажиллагаанаасаа сонирхуулах уу? Тулгамдсан ямар асуудал байна?

-Манай нөхөрлөл Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт Хустайн булагт гэдэг газарт 2236 га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа.

Нөхөрлөлийн бүрэлдэхүүнд 16 өрхийн 46 гишүүн байдгаас 36 нь малчин гишүүд байдаг. Бид ойгоо арчлах, хамгаалах, цэвэрлэх ажлын хажуугаар нутгийн тарвагыг нутагт нь үржүүлж байна. Манай Хүйтний голд маш их мод тарьдаг. Гэвч эргээд хамгаалалт байхгүй хаяад явдаг учраас тарьсан мод эзэнгүй болж, хугарах, мал идэх  эрсдэл дагуулдаг.

Мэргэжлийн байгууллага үүнийг хийж болно. Гэвч хамтарсан гэрээ байгуулаад нөхөрлөлүүдэд өгч эзэнтэй болгох хэрэгтэй. Тэгвэл мод ургана. Харин нөхөрлөлүүдэд модоо хамгаалах мөнгийг нь зохих хэмжээгээр өгөх хэрэгтэй. Ойн сан бүхий аймгуудад бий болсон ойн нөхөрлөлийг нутгийн иргэдэд түшиглэсэн, тэдний 70-80 хувь нь нутаг орондоо оршин суудаг хүмүүсээр бүрдүүлэн байгуулна гэж журмандаа заасан байдаг.

Гэтэл манайд сумын ч юм уу аймгийн төвд амьдардаг хүмүүс нөхөрлөл байгуулчаад намар болохоор гэнэт гарч ирээд хувийн өмч мэт зан гаргадаг. Зарим нь ах дүүсээрээ, хамаатан саднаараа өмчирхсөн байдаг. Энэ бол нөхөрлөл биш ээ.

Малчид бид ойгоо хамгаалахын хажуугаар түлээ, атга өвсөө авч, хүнд хөөгдөхгүй амьдрахыг хүсч байгаа. Ойн нөхөрлөлийн гол зорилго нь ойг гэрээгээр зөв зохистой ашиглуулж, эзэмшүүлэхэд байгаа юм. Сайн ажиллаж байгаа нөхөрлөлүүд олон. Хонгор сумын хэмжээнд 64 нөхөрлөл байгаа. 

Холбоотой мэдээ