ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зорчигч тээврийн шинэ үйлчилгээ эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-08-09 10:59:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг энэ сарын 9-нөөс явуулж эхэллээ.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу улс хоорондын шинэ чиглэлийг нээж байна.

Улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулснаар иргэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваариар тохилог орчинд үйлчлүүлэх боломж бүрдэж буй.

Шинэ үйлчилгээг Монголын талаас Сэлэнгэ аймгийн “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК гүйцэтгэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас мягмар, лхагва, пүрэв, баасан, ням гарагт өглөөний 04:30 цагт, ОХУ-ын Улаан-Үд хотоос даваа, мягмар, лхагва, пүрэв, бямба гарагт 12:00 цагт зорчигч тээврийн үйлчилгээг тогтмол үзүүлнэ.  

Зорчигчид Сэлэнгэ аймгийн төвөөс ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот хүртэл 260.5 км замыг 6 цаг 45 минутад туулж хүрэх газартаа очих аж.

Зорчигчид Монголын талаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзал, Оросын талаас ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзалаас автобусаар зорчих бөгөөд тасалбар нь Монголын талаас том хүн 26000хүүхэд 13.000, ОХУ-ын талаас том хүн 650 рубль, хүүхэд 325 рубль байна.

 

Холбоотой мэдээ