АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд нар Монголд айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-08-07 12:48:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспер болон ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александр Васильевич Фомин нар маргааш манай улсад айлчилна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилдогдоод удаагүй Марк Т.Эсперийн хувьд гадаад айлчлалаа Азийн орнуудаас эхэлж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна. Тэрээр айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзахаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана. Мөн нэг өдөр айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржтой уулзана гэдгийг БХЯ-наас мэдээллээ.


АНУ-ын Батлан хамгаалахын 27 дахь сайд Марк Т.Эспер нь энэ оны долоодугаар сарын 23-нд тангараг өргөсөн. Тэрээр 1986 онд АНУ-ын Цэргийн академийг дүүргэсэн, цэргийн жинхэнэ албанд 10, Үндэсний гварди болон бэлтгэл офицероор 11 жил үүрэг гүйцэтгэжээ. Сенатын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, Төлөөлөгчдийн танхимын Цэрэг, зэвсэгийн байнгын хорооны улстөрийн захирал, Пентагоны Хэлэлцээрийн бодлого хариуцсан Батлан хамгаалахын дэд сайдын орлогч зэрэг албан тушаал хашиж байжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин нь энэ албан тушаалд 2017 онд томилогдсон. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ