ДЭЛХИЙ ДАХИНАА 2019 ОНД

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2019-12-20 12:10:59
twitter.com/Nyamkanmk

УЛААНБААТАР. /MONTSAME/. Улиран одож буй 2019 онд дэлхий дахины анхаарлын төвд байсан гол үйл явдлуудыг Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг онцолж байна.


1. Японы шинэ эзэн хаан



Японы эзэн хаан Акихито энэ онд хаан ширээнээсээ татгалзаж, угсаа залгамжлагч ханхүү Нарухито тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларснаар тус улсын хаанчлалын шинэ эрин үе эхэллээ. Шинэ эринийг "Рэйва" гэж нэрлэхээр болсон бөгөөд энэ нь "Дэг журам, найрамдал" гэсэн утгатай юм.

10 дугаар сарын 22-нд болсон Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд оролцохоор 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн Японд хүрэлцэн иржээ. Мөн тус улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, сайд нар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 2000 орчим хүн оролцсон байна. Энэхүү олон улсын анхаарал татсан арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар оролцсон юм.


2. Хонконгийн бослого



Хонконгийн эрх баригчдын батлахаар завдаж байсан Сэжигтэн шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 2019 оны зургадугаар сарын 9-нөөс хойш үргэлжилж байна.

Хонконг нь дэлхийн 20 улстай сэжигтэн солилцох гэрээтэй. Харин БНХАУ-тай одоо хүртэл гэрээгүй байгаа юм. Хэрвээ Кэрри Ламын хуулийг баталбал Хонконгийн шүүх эрх мэдэл БНХАУ-ын гарт орно гэж хардсан нь иргэд гудамжинд гарах үндсэн шалтгаан болов. Зургадугаар сарын 16-нд болсон жагсаалд хоёр сая гаруй хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн бөгөөд энэ нь Хонконгийн түүхэнд хамгийн олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон гэсэн үг юм.

Өнөөг хүртэл уг жагсаалын үеэр 2 хүн амиа алдаж, 2600 гаруй хүн гэмтэж, 6000 гаруй хүнийг баривчлаад байна. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид  Хонконгийн ардчилал ба хүний эрхийн тухай хуулийг баталсан нь АНУ-БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээнд сөргөөр нөлөөлж, яриа хэлэлцээ түр завсарлахад хүргээд байна.


3. Д.Трамп БНАСАУ хилийг давсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч боллоо



АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар энэ оны хоёрдугаар сарын 26, 27-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо хоёр дахь удаагаа уулзсан хэдий ч уг уулзалт тийм ч үр дүнтэй болоогүй юм. Үүний дараа Японы Осака хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа БНСУ-д айлчлах үеэрээ Кимтэй уулзахаар болсон юм. Ингээд тохиролцсон ёсоор хоёр удирдагч 2019 оны зургадугаар сарын 30-нд цэрэггүй бүс буюу Панмүнжом тосгонд уулзав.

Энэхүү уулзалтыг “түүхэн уулзалт” хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Учир нь Дональд Трамп БНАСАУ-ын хилийг давснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа тус улсад хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон юм.

Хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2012 онд хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд БНСУ-ын талаас зочилж байсан ч БНАСАУ-ын хилийн шугамыг даваагүй юм.


4. Хар нүх ба сарны ар тал



Event Horizon Telescope /EHT/ төслийн эрдэмтэд урьд өмнө сансар судлалын ямар ч багийнхны авч чадаагүй хар нүхний гэрэл зургийг авч чадсанаа энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн нь одон орон судлалын түүхэнд бичигдэх онцгой үйл явдал болов.

Зурагнаас харахад тоосонцор хийн туяагаар бөгжилж түүгээр хооллодог дугуй аварга том хар нүх манай дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд, “Messier 87” галактикийн зүрхэнд оршиж буй ажээ. Хар нүхний зургийг авах “EHT” төсөлд нийт 200 гаруй эрдэмтэд оролцсон ба Антарктик, Испани, Чили зэрэг байрлалуудаас найман радио телескоп ашигласан байна.

Үүнээс гадна сарны ар талын геологийн бүтцийг судлах зорилгоор БНХАУ-ын бүтээсэн "Чанъэ-4" аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөж, нэгдүгээр сарын 3-нд сарны нөгөө талд амжилттай газардсан билээ. Улмаар тус аппарат дэлхийн цорын ганц дагуулын ар талын гадаргуугийн анхны зургийг авсан нь түүхэн үйл явдал болсон юм. Үүгээр ч зогсохгүй  "Чанъэ-4" тандагчийн бүрдэл хэсэг болох саран дээр явагч "Юйту-2" аппарат долоон сарын хугацаанд 271 метр газарт судалгаа хийсэн байна. “Чанъэ” цуврал аппаратыг Хятадын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэжээ.


5. Их Британийн сонгууль Брекситийн хувь заяаг шийдэх үү?



Их Британийн бүх нийтийн ээлжит бус сонгууль энэ оны 12 дугаар сарын 13-нд болж, тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны тэргүүлдэг эх баригч Корсерватив нам үнэмлэхүй ялалт байгууллаа.

Тус сонгуульд Консерватив нам парламентын 650 суудалтай Нийтийн танхимд 364 суудал авсан юм. Энэ бол Консерватив намын хувьд 1987 оноос хойших хамгийн том ялалт юм. Ингэснээр “2020 оны нэгдүгээр сард багтаан Брекситийн асуудлыг парламентын дэмжлэгтэйгээр зохицуулна” гэсэн уриатай сонгуульд өрсөлдсөн Консерватив намын бодлого хэрэгжих нь ойлгомжтой болж байна.

Ерөнхийдөө энэ сонгууль сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаа Их Британийн Европын Холбоо дахь гишүүнчлэлийн асуудлаарх нэг төрлийн бүх нийтийн санал хураалт болсон гэдэгтэй ажиглагчид санал нэг байна.


6. “Исламын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгав



Америкийн цэргүүд Сирийн Идлиб мужид тусгай ажиллагаа явуулах үеэр “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 27-нд мэдэгдэв. Энэ нь олон улсын терроризмтой тэмцэх ажилд гарсан нэг том үйл явдлаар нэрлэгдэж байна.

АНУ-ын Төрийн департаментын 1984 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн “Rewards for Justice” хөтөлбөрийн хүрээнд Вашингтоны эрх баригчид хамгийн их буюу 25 сая ам.долларын шагналыг “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг барих эсвэл устгахад туслах мэдээлэлд амлаж байсан бөгөөд АНУ-ын эрх баригчид түүнийг “Аль-Каида” бүлэглэлийн Ирак дахь сүлжээг толгойлдог байх үед олон улсын онц аюултай террорист хэмээн зарласан юм.


7. Лионель Месси хөл бөмбөгийн оргилд хүрэв



Аргентин улсын хөлбөмбөгчин, Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси “ФИФА”-гийн оны шилдэг тоглогч, “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 дахь удаагаа тодорч, түүхэн дээд амжилт тогтоожээ.

Мөн  Лионель Месси “Аваргуудын лиг”-т 15 улирал дараалан оноо авсан анхны тамирчин болсноос гадна “Forbes” сэтгүүлээс зарласан 2019 оны  хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр “Барселона” клубын гарааны бүрэлдэхүүнд тоглож, тэмцээнд ялсан тоогоор дээд амжилт тогтоосны зэрэгцээ “Ла Лиг”-д 400 дэх гоолоо хийж лигийн дээд амжилтыг шинэчилжээ.


8. “Boeing 737 Мах” загварын нисэх онгоцноос дэлхий даяар татгалзлаа


Этиопын нийслэлээс хөөрсөн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” нисэх онгоц энэ оны гуравдугаар сарын 10-нд осолдож, зорчиж явсан 157 хүн бүгд амиа алдсан нь дэлхий даяар дээрх онгоцноос татгалзахад хүргэв.

Учир нь “Boeing”-ийн хамгийн эрэлттэй загвар болох энэхүү онгоц таван сарын хугацаанд хоёр дахь удаагаа осолдсон нь энэ байв. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр ийм загварын нисэх онгоц Индонезын нийслэл Жакартагаас хөөрснийхөө дараа Ява тэнгист осолдсон юм. Этиопт болсон хоёр дахь ослын дараа дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч компаниудын ихэнх нь  “Boeing 737 Мах” онгоцыг нислэгт ашиглахаас татгалзсан бол 2019 онд 40 улс нутаг дэвсгэрийнхээ дээгүүр нисэхийг хориглосон байна.


9. АНУ пуужин устгах гэрээнээс гарав



АНУ-ын эрх баригчид энэ оны хоёрдугаар сард Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарна гэдгээ мэдэгдсэний дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мөн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдээд, холбогдох хуульд долдугаар сарын 3-нд гарын үсэг зурав.

Улмаар АНУ наймдугаар сарын 2-нд албан ёсоор гарч байгаагаа мэдэгдсэн билээ. Ингэснээр хүйтэн дайны үед хүн төрөлхтнийг цөмийн дайны аюулаас аварсан гэгддэг уг гэрээний үйлчлэл зогссон юм. Гэрээний үйлчлэл дуусгавар болж байгаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд эрсдэл учруулаад зогсохгүй зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин сэргэж, зэвсэглэлд хяналт тавих тогтолцоо нуран унах эрсдэлийг бий болгож байна.


10. Оны хүн-Грета Тунберг



Америкийн “Time” сэтгүүл Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунбергийг “Оны хүн”-ээр тодрууллаа. Тэрбээр “Оны хүн”-ийг тодруулж ирсэн 92 жилийн хугацаанд энэ цолыг хүртсэн хамгийн залуу хүн болж байгаа юм.

Грета Тунберг 2018 онд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг чангатгахыг шаардан Шведийн парламентын байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлснийхээ дараа дэлхий нийтэд танигджээ. Үүний зэрэгцээ тэрбээр 2019 онд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцээгүй хэмээн дэлхийн удирдагчдыг буруушаасныг “Time” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельзенталь “тэр бүхнээс чанга дуугарсан” хэмээн онцолжээ.

Холбоотой мэдээ