Алтай Таван богд хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-04 21:11:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн өндөр уул болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт орших Алтай Таванбогд хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол  наймдугаар сарын 03-ны билэгт сайн өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 181 дүгээр зарлигаараа Алтай Таванбогд уулыг төрийн тахилгатай уул хайрханы жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 Хайрханыг тайх анхны төрийн ёслол 2014 онд болж байсан бол энэ удаагийн тахилгад УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, С.Эрдэнэ, ЕТГ-ын Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид болон гадаад, дотоодын зочид, жуулчид, орон нутгийн иргэд оролцлоо.

Төрийн ёслолын ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээж үг хэллээ. Тэрээр Алтай Таванбогд уул маань ард түмнийг ивээлдээ авч, буян заяаг тэгшилж аливаа ган зуд, гамшиг, муу бүхнээс зайлуулан аз хийморийг дэвжээж, үндэстэн ястны эв нэгдлийг бэхжүүлж, энх амар, элбэг дэлбэг байлгаж соёрхоно уу хэмээж, тахилгын ажиллагаанд хүрэлцэн ирсэн төр засгийн төлөөлөгчид, зочид, иргэд, зохион байгуулах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн албан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ.   

Үүний дараа УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд, төрийн элч төлөөлөгчдийн тэргүүн Х.Баделхан төрийн ёслолд оролцогчдод хандсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг уншиж танилцууллаа.

Ерөнхийлөгчийн илгээлтэд, "Тэнгэр газрыг шүтэж, уул усаа түшиж ирсэн Монгол түмний цагийн цагт хадгалсаар ирсэн заншил, соёл, урьдын журмыг дагаж, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн Алтай ханы Таванбогд уулын төрийн тахилгыг үйлдэж байна. Төрийн тахилгын ёслолыг нийтээр баримтлах зан үйл, дэг журмыг мөрдөн явуулж, ард иргэд, хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх, уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар тусгайлан мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт өргөнөөр зохион байгуулах нь зүйтэй. Газрын зулай Алтай нутаг бол уулсын сүрлэг, усны цэнгэг, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, араатан жигүүртэн чуулж, өвс ургамал тэгширсэн, өнө эртнээс монгол түмний өгөөмөр баян өлгий, нөмөр халхавч болсон ариун дагшин шүтээн, ашдын заяат нутаг билээ.

Алтайнхан уул ам бүрдээ өвөг эртний үеийн буурь бууц, үлдэл олдвор, хадны зураг, бичгийн дурсгал, булш бунхан, бугын хөшөө, хүн чулуу зэрэг хосгүй гайхамшигт түүх соёлын нандин өвийг хадгалан үеийн үед ариун, онгон оршиж байна. Өвгөдөөс өвлүүлсэн өлгий нутаг, өв соёл, билэг оюуныг бид үеэс үед дархлан хадгалж уламжлан баяжуулан явах ёстой" гэжээ.

Түүнчлэн Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Баямбажав тэргүүтэй лам хуврагууд ном хурав. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Алтай таван богд хайрхан уулын тэнгэрт хандаж Монгол орны сав шимийг зохилдуулан, ард түмний эвийн хүчийг батжуулах, амьдрал ахуй, ажил үйлс, цог хийморийг бадраан, мэлмий тунгалаг, өлмий бат байлгахыг айлтгасан айлтгалыг дуудан сонсгож тахилгын галд өргөн тэнгэрт илгээх, тэнгэрт дуут сум илгээх, морь сэтэрлэж тэнгэрийн хүлэг болгох ёслол үйлдснээр тахилгын төрийн ёслол өндөрлөлөө.

  

  

Холбоотой мэдээ