Иргэдтэй харилцах төвийг шинэчлэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-08-03 10:52:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн ажилтай танилцлаа.

“1111 төв” гэгддэг тус газарт өмнө нь 6 оператор ажиллаж иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг утсаар болон мессеж, цахим зэргээр 10 гаруй сувгаар хүлээж авч, хариу өгдөг байсан бол одоо ердөө 2 гэрээт оператор ажиллаж, үйл ажиллагаа нь саармагжжээ. Энэ хэрээр иргэд тус төв рүү хандах нь ч багассан байна. Олон жилийн өмнө баригдсан, орон сууцны зориулалттай, хуучирч муудсан байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг, дээрээс нь төсөв, хөрөнгө хангалтгүйгээс 2016 оноос хойш засвар, үйлчилгээ хийгээгүй гэдгийг тус төвийн ажилтнууд танилцуулсан юм.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Төрийн албаны бүх шатны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, ажилтнуудын харилцаатай холбоотой гомдол, санал маш их байдаг. Гэвч иргэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Хэн нэгэн дээд шатны даргад нь хандаад ч тухайн гомдол, саналд нь эргэж хариу өгдөггүй. Өөрөөр хэлбэл иргэдээ сонсдог хүн өнөөдөр төрд алга. Нөгөө талдаа төрийн албан хаагчид өөрсдөд нь тавих хяналт энэ мэтчилэн суларч байгаа учраас албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдийг чирэгдүүлэх, үүгээрээ дамжуулж авлига нэхэх, хүнд суртал гаргах байдал гарч байгаа. Энэ бол нууц биш. Төрийн ордон нь төмөр хашаатай, гадаа нь байгаа энэ төв ийм унтаа, үлбэгэр байж болохгүй. Энэ төвийг иргэдэд ойртуулах ажлыг яаралтай хиймээр байна. Анх байгуулагдахдаа иргэд хамгийн их ханддаг байсан шиг ажиллуулах хэрэгтэй.


Энэ төвд иргэн, төр хоёрын “амьд” харилцаа үүсэх ёстой. Иргэд чөлөөтэй орж ирээд төрдөө зовлон, жаргалаа ярьж яагаад болохгүй гэж. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг заавал холбогдох албан тушаалтнуудад нь хүргэ, ирсэн хариуг нь тухайн иргэнд заавал эргэж мэдэгдэх хэрэгтэй. Ингэвэл төрийн албаны үйл ажиллагаа ч ил тод болно. Билэгдлийн чанартай ажиллаж болохгүй. Тэгэхээр үйл ажиллагаагаа сайжруулж, бүтэц, орон тоогоо нэмж, техник, технологио сайжруулах саналаа боловсруулаад 7 хоногийн дотор танилцуулаарай. Тэгээд ойрын үед энэ төвийг шинэчлэх шаардлагатай байна” хэмээн тэрээр үүрэг болгов.

Холбоотой мэдээ