Монголын Засгийн газар заваартуулсан зүйлсээ цэвэрлэхээр оролдож байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-04-05 15:07:55

 ЛОНДОН. /Fronteranews/. Канадын хууль ёсны эзэмшигчээс ураны орд газрыг нь Монгол Улс хэрхэн булаан авч, ОХУ-ын Засгийн газарт шилжүүлсэн талаарх баримтыг “Khan Resources” компанитай холбоотой хэрэг дэлгэлээ. Ээлжит сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор Монголын Засгийн газар завааруулсан зүйлээ цэвэрлэхээр оролдож байна.

Монгол Улс найз нөхөдтэй болохын тулд цаг хугацаатай уралдаж байна. Монголын Засгийн газар “Рио Тинто” зэрэг компанитай байгуулсан уул уурхайн хэлэлцээрээсээ буцаж, хэдэн жил өнгөрсний дараа нөхөн олговор олгох, шинэ төсөл санал болгох зэргээр маргааныг гэв гэнэт зохицуулж эхэллээ.

Шалтгаан нь юу вэ? Монголд сонгууль ойртож байна. АНУ-ын Ардчилсан намынхан ч мөн байр сууриа хамгаалах хэцүүхэн цаг үетэй нүүр тулж байна гэж та бодож байгаа бол Ч.Сайханбилэг ч гэсэн үүний төлөө зүтгэж байна. Таван жилийн өмнө дэлхийд хамгийн их буюу 17 хувийн өсөлттэй байснаа одоо бараг тэг рүү дөхөж буй Монголын эдийн засгийг барьж байгаа хүн бол Ч.Сайханбилэг.

Энэ уналт дан ганц Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болоогүй нь ойлгомжтой. Дэлхий дээрх ямар ч улс орноос илүүтэйгээр Монгол Улс БНХАУ-аас хамааралтай байдаг. Учир нь, тус улс экспортын бүтээгдэхүүнийхээ 90 хувийг урд хөрш БНХАУ руу гаргадаг бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт буурснаас зэс, нүүрс болон бусад түүхий эдийн үнэ ханш, борлуулалт уналтад оржээ.

Гэвч Монголын эдийн засагт тулгарсан бэрхшээлүүдийн ихэнх нь улс орны дотоод дахь буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй. Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нь булаан авахын тулд залхаан цээрлүүлэх шинэ хууль гаргасан учраас тэднийг үргээсэн. Үүний уршгаар уул уурхайн асар том хамтарсан төсөл өдийг хүртэл сул зогсож байна. Тарчигхан амьдарч байгаа гурван сая монголчуудын уур бухимдал дээд цэгтээ тулж байгаа энэ үед тус улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дахин татах гэж хичээсээр. “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой маргаан дэгдэж, нэлээд удсаны хойно Монголын Засгийн газар тус компанитай 2015 онд гэрээ байгуулсан.

Мөн Канадын уул уурхайн “Khan Resources” компанитай үүссэн маргааныг зохицуулах олон улсын шүүхийн шийдвэрийг Монголын Засгийн олон жилийн турш эсэргүүцсэний эцэст уг маргааныг зохицуулах талаар өнгөрсөн сард тохиролцсон байна. “Khan Resources” компанитай холбоотой эл асуудал нь тагнуултай кинотой төстэй бөгөөд Монгол үнэхээр өөрчлөгдөж байгаа эсвэл бий болгосон ан цавтай зүйлсээ сонгуулийн өмнө халхлахаар оролдож буй эсэхийг дүгнэж болох юм гэж "Frontera News" агентлагийн нийтлэлч Фил Хайнс бичжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ