Их Британийн эрх баригчид улс орноо “Brexit”-д бэлтгэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /TASS/. Аравдугаар сүүлчийн өдөр Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарах бэлэн байдлыг хангахын тулд 2.1 тэрбум фунт стерлинг буюу 2.6 тэрбум ам.долларын санхүүжилт нэмж гаргахаар болсноо тус улсын Сангийн яам мэдээлжээ.
“Их Британи ЕХ-ноос гарахад 92 хоног үлдээд байгаа үед бид үүнд бэлэн байдлаа хангах төлөвлөгөөгөө улам боловсронгуй болгох нь чухал юм. Бид ардчиллын эсрэг чиглэсэн "бэкстоп"-ыг /Ирландын хойд ба өмнөд хэсгийн хилийн ил тод байдлыг хадгалах баталгаа болсон механизмыг/ арилгах ашигтай гэрээ байгуулахыг хүсэж байна. Гэвч бид сайн тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд гэрээ байгуулахгүйгээр гарахаас аргагүйд хүрнэ. Энэхүү нэмэлт санхүүжилт нь 10 дугаар сарын 31-нд гэрээтэй эсвэл гэрээгүйгээр ЕХ-г орхих бидний бэлэн байдлыг хангана” гэж Их Британийн Сангийн сайд Сажид Жавидын мэдэгдэлд дурдсан байна.
Эдийн засгийн чухал салбаруудад 1.1 тэрбум фунт стерлингийн /1.34 тэрбум ам.доллар/ санхүүжилтийг яаралтай олгох аж. Мөн 1 тэрбум фунт стерлингийг /1.22 тэрбум ам.доллар/ ЕХ-ноос гарсан тохиолдолд янз бүрийн үйлчилгээний албаны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Шотланд, Уэльс болон Умард Ирландын эрх баригчдад хуваарилахаар болжээ.
Гол зардлыг Их Британид нийлүүлэх шаардлагатай эм хэрэгслийн хэмжээ төдийгүй нөөцийг хангахад зориулах бөгөөд үүнд 434 сая фунт стерлинг /528 сая ам.доллар/ гаргахаар шийдсэн байна.