Японы хориг арга хэмжээ ирэх сарын сүүлчээр хэрэгжиж эхлэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-30 17:19:13

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын эрх баригчид тус улсын эсрэг авсан Японы худалдааны хориг арга хэмжээг ирэх сарын сүүлчээр хэрэгжиж эхэлнэ гэж таамаглаж байна.


"Баримт бичиг Японы сайд нарын танхимын хуралдааны үеэр батлагдаж, ирэх сарын сүүлчээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх төлөвтэй байна" хэмээн БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан байна. Японы тал эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.


Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.


Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос нөхөн төлбөр олгох хэрэгтэй холбоотойгоор “Nippon Steel & Sumitomo Metal” компанийн хөрөнгийг хураах журмыг санаачилсан байна.

Холбоотой мэдээ