Зүүн хойд Азийн орнуудыг холбох тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-29 16:54:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн бүс нутгийн Засаг захиргааны харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний ээлжит уулзалт “Саммит-2019” өнөөдөр "Холидэй инн” зочид буудалд эхэллээ.

Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргааны харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсаас Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Ганвон муж, Японы Тоттори мужууд орж байгаа юм. Жил бүр уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг дээрх улсуудын мужуудын төлөөллийг энэ удаа Төв аймгийн удирдлагууд эх орондоо хүлээн авч, дээд хэмжээний 24 дэх уулзалтыг зохион байгуулж буй юм.


Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тус аймаг ХАА-н боловсруулах салбарын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд анхаарч байгааг илэрхийлээд, “Бид ноос, ноолуур, арьс шир, мах, газар тариалангийн бүтээгдэхүүнээ өндөр технологиор боловсруулж, экспортлох бодлого барьж, ноосон пальто үйлдвэрлэн Унгар улсад гаргаж байна. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ, ОХУ, АНЭУ-д, гурвалжин будааг Японд, чацарганы гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг АНУ, БНСУ, БНХАУ, Герман, Япон, Тайваньд экспортлож байна" хэмээв.

Тэрээр, Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий олон улсын шинэ нисэх буудал ашиглалтанд орж, түүнийг дагаад шинэ хот, үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр, ложистикийн сүлжээ байгуулж буй нь энэ бүс нутагт бизнес, үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжих таатай боломж гэдгийг дуулгалаа.

“Саммит-2019” уулзалтын үеэр дээр нэр дурдсан таван улсын таван муж амтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тунхаг бичигт бүс нутгийг дамжсан авто болон агаарын тээврийг хөгжүүлэх, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг ажлыг тусгажээ.


Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд ямар тодорхой ажил хийх гэж буй талаар ОХУ-ын Приморын хязгаарын Гадаад харилцааны газрын дарга А.Ю.Старичковоос тодруулбал, “Бид Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Владивосток хотноо зохион байгуулахаас хамтын ажиллагаагаа эхэлнэ. Өмнө нь зохион байгуулж байсан туршлага бидэнд бий. Хэдийгээр биднийг орон зай хязгаарлаж байгаа боловч муж, улс дамнасан тээвэр ложистикийн сүлжээ, аялал жуулчлалын төв байгуулах зэргээр хамтран ажиллах олон боломж бололцоо байна” гэв.

Харин БНСУ-ын Ганвон мужийн дэд захирагч Чон Ман Хо, Японы Тоттори мужийн дэд захирагч Нагова Сатоши нар хэлэхдээ, Төв аймгийн удирдлагуудын гаргасан хамтын ажиллагааны саналуудыг хүлээн авч, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох хэрэгтэй байгааг онцолсон юм.




Тодруулга: Бүс нутгууд 1995 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, дээд хэмжээний “Саммит” уулзалтыг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ удаагийн уулзалт үндсэн хуралдаанаас гадна Эдийн засгийн болон Байгаль орчин хамгаалах зөвлөлийн хуралдаануудыг хийж байна. Дараагийн “Саммит-2020”-ыг БНСУ-ын Ганвон мужид зохион байгуулахаар өнөөдрийн уулзалтаас тогтлоо.

Уулзалтын үеэр Төв аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээсэн байв. Зочид төлөөлөгчид маргааш Төв аймагт Монголын үндэсний өв соёл, уамжлалыг харуулсан “Төв түмний цэнгэл” баяр наадмыг үзсэнээр "Саммит-2019” өндөрлөнө.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ