Баян-Өлгий аймгийн баяр наадам, хурдан морины баруун бүсийн зуны уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-28 09:45:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадам, хурдан морины баруун бүсийн зуны уралдаан долдугаар сарын 27-нд эхэллээ.

Баяр наадмын нээлт Өлгий хотын төв стадионд болов. Аймгийн Засаг дарга А.Гылымхан наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, "2019 онд Баян-Өлгий аймагт 70 гаруй тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, барилга баригдаж байна.

Мөн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбараас гурван хүн гавьяат цол хүртлээ. Төрөлх нутгийн маань эрхий мэргэн харваачдын дундаас буриад сурын Улсын хошой мэргэн төрсөн, урлаг спортын салбарт олон арван шилдгүүд төрсөн гээд бахдам амжилтаар энэ жилийн наадам, баруун бүсийн их хурд, зуны уралдааныг угтаж байна.

Наадамд хүрэлцэн ирсэн төр засгийн төлөөлөгчид ОХУ, БНХАУ-аас, Казахстан Улс, баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгаас болон эх орны маань өнцөг булангаас хүрэлцэн ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье  хэмээлээ.

Нээлт Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн бэлтгэсэн их эзэн Чингис хаан, Ардын хувьсгал, Халх голын дайны үеэс сэдэвлэсэн театрчилсан тоглолтоор үргэлжилсэн. Дараа нь  хүчит бөхийн барилдаан эхэлсэн.

Үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс нар магнайлсан 128 бөх барилдаж, эхний зургаан даваа өндөрлөв. Мөн үндэсний сурын харваа, шагайн харваа, даага, шүдлэн, хязаалан насны морины уралдаан боллоо. Шөвгөрсөн дөрвөн бөхийн барилдаан, их нас, соёолон, жороо морины уралдаан долдугаар сарын 28-нд үргэлжилнэ.  

Холбоотой мэдээ