Борис Жонсон Засгийн газрын гишүүдээ нэрлэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-26 16:42:40
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газрын гишүүдээрээ “Brexit”-ийг дэмжигчдийг сонгожээ.


“Brexit”-ийг тууштай дэмжигч, намын даргын суудлын төлөө өрсөлдсөн Доминик Раабыг Гадаад хэргийн сайдаар нэрлэсэн байна. Харин Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд асан Прити Пател Дотоод хэргийн сайдад томилжээ. Тэрбээр Израилийн Зэвсэгт хүчинд гадаадын тусламжийн мөнгийг хуваарилах талаар тус улсын Засгийн газартай нууц уулзалт хийсэн асуудалд холбогдож, сайдын албан тушаалаасаа огцорч байсан. 


Ерөнхий сайд асан Тереза Мэйн тэргүүлсэн Засгийн газарт Дотоодын хэргийн яамны сайдаар ажиллаж байсан Сажид Жавидыг Сангийн сайдад томилжээ. Харин Майкл Гоувийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилсон байна. Майкл Гоув нь 2016 онд Их Британийг Европын Холбооноос гаргах тухай бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулсан гол төлөөлөгч юм.


Лхагва гарагт Т.Мэйгээс ажлаа хүлээн авсан Б.Жонсон өмнө нь мэдэгдэл хийхдээ, "Brexit”-ийг хэрэгжүүлэхээ амлаад, Их Британи гэрээгүйгээр ЕХ-г орхисон ч гэсэн сайн үр дүнг бий болгоно гэж дурдсан билээ.


Хатан хаан Засгийн газрыг бүрдүүлнэ үү гэсэн албан ёсны хүсэлтийг Жонсонд хүргүүлэхээс өмнө болон дараа огцрох эсвэл ажлаа өгөхийг өмнөх Засгийн газрын гишүүдээс хүссэн байна.



Холбоотой мэдээ