Хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-23 17:52:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлчүүд хамгийн багаар бодоход жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн шатахууныг түгжрэлд зогсож байхдаа зарцуулдаг бол иргэд нийт ажлынхаа 60 гаруй хувийг замын түгжрэлээс болоод амжуулж чаддаггүй гэсэн судалгаа гарчээ.


Тиймээс нийгэм, эдийн засаг, хүмүүсийн эрүүл мэндэд чимээгүй хор хөнөөл учруулж, уур бухимдлыг нэмэгдүүлж байгаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар  ирэх сарын 15-аас нийслэлийн замыг А, B, C гэсэн гурван бүсэд хувааж байгаа талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. 
 

А бүсэд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Бага тойруугаас Шангри-Лагийн хойд уулзвар хүртэл Бага тойруугийн доторх зам багтана. Нэг км-ийн радиус бүхий А бүсэд замын хөдөлгөөнийг сийрүүлж явган хүн алхах боломжийг нэмэх аж.    

Харин Их тойруу буюу Баянбүрдийн тойрог, 100 айл, Баруун, Зүүн дөрвөн зам, Нарантуул захын уулзвараас Өгөөжийн уулзвар хүртэл авто замууд B бүсэд хамаарна. Энэ нь хүмүүсийн 20-30 мин идэвхтэй алхах боломжит зай юм. Дээр дурдсанаас бусад хэсгийг нийслэлийн C бүсэд хамааруулах юм.

A, B бүсэд татвараа төлсөн, зөрчлийн торгуульгүй, техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд цаашид А бүс рүү тэгш, сондгой дугаараар нэвтрүүлж замын ачааллыг 50 хувиар бууруулах асуудлыг хэлэлцэх аж. Бүсчлэл зөвхөн ажлын цагаар үйлчлэх бөгөөд A, B бүсэд амьдарч байгаа хүмүүст хүндрэл учрахгүй гэв.  

А, B бүсэд автомашиныг зогсоолыг хангалттай хэмжээнд хүргэнэ хэмээн Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр онцлов. Тэрбээр Одоогийн байдлаар энэ хоёр хэсэгт нийт 2382 ширхэг зөвшөөрөлтэй зогсоол байна. Харин зөвшөөрөлгүй буюу шон татсан 5330 зогсоол байгаа бол хөдөлгөөнд саад учруулдаггүй 7984 зогсоол судлагдаж байна. Тэр бүгдийг эзэнжүүлж төлбөртэй болгохоор ажиллаж байна. Ингэснээр 15696 автомашины зогсоол энэ орчинд бий болно. Гэхдээ энэ хэсэгт зогсох машинуудад шинэ журам үйлчлэх ба бүх зогсоол төлбөртэй болно” хэмээв.  

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нийт 420 мянган автомашин оролцдог бөгөөд жилдээ 60-80 мянган авто машин импортоор орж ирдэг. Түүнчлэн орон нутгийн улсын дугаартай 25-30 мянган автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд тогтмол оролцож байна. Үүнээс болоод замын хөдөлгөөнд хэт ачаалал үүсч, хүн ам ихээр төвлөрсөн төвийн хэсгээр тэг зогсолт үүсэх нөхцөл бүрэлдэж байгаа юм.

Дугаарын хязгаарлалт хийх, зорчих хэсгийг өргөсгөх, гүүрэн зам барих, уулзварын төрлүүд тэдгээрийн геометр хэлбэрийг өөрчлөх зэрэг хэт ачааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байгааг албаны хүмүүс хэлж, цаашид хөдөлгөөний зохион байгуулалт, авто машин хэрэглэгчдийн хэрэглээний зан байдлыг өөрчлөх шаардлага тулгарч байгааг онцоллоо.

Холбоотой мэдээ