Ц.Оюунбаатар: Хоёр шатны парламенттай болвол улс төрийн зөрчлөөс ангижирна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-07-23 16:06:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн болон олон нийтийн саналыг тусгах Зөвшилцлийн ажлын багаас зохион байгуулж буй  “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатарын байр суурийг сонслоо.


-Ерөнхийлөгчийн төсөл, саналд, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох зохицуулалт тусгагдсан байна. Үүнтэй холбоотой зарим төлөөлөл хоёр шатны парламенттай болох асуудлыг хөндөж байна?

-Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд МАХН-аас эрдэмтэн судлаач, хуульчдын бүрэлдэхүүнтэй баг гаргаж, Монгол Улсын шинэ дээд хуулийг санаачилсан. Ингэхдээ Монголын 21 аймаг 160 гаруй сумаар хэлэлцүүлэг өрнүүлж, 500 гаруй мянган хүнийг хамруулсан бөгөөд 200 мянга орчим иргэний саналыг бичгээр авсан. Энэхүү концепц, судалгаа, бодлогтой төслөө эрх барьж байгаа МАН-ын өргөн барьсан болон Ерөнхийлөгчийн саналтай уялдуулан тайлбарлах боломж гарлаа. Энд хэн нэгнийг дэмжих биш аль болох нэгдмэл, хүчтэй Монгол Улсын хөгжлийг хангах бодлого барих хэрэгтэй. Тухайлбал, өнөөдөр парламентыг хоёр шатны тогтлолцоотой байх эсэхийг хэлэлцэж байа.


-Хоёр шатны парламенттай байх нь хэр оновчтой тогтолцоо вэ?

-Хоёр шатны парламенттай байх нь хамгийн зөв тогтлолцоо гэж бид харж байна. Улсын бага хурал буюу доод танхим нь хууль тогтоох бөгөөд улс төрийн намаас сонгогдоно. Гэхдээ мэргэжлийн, өндөр түвшний мэдлэгтэй хуульч байх шаардлагатай. Харин Дээд парламент нь нам бус ард түмний төлөөлөл байх юм. Энэ нь байнгын ажиллагаатай бус бөгөөд доод танхимдаа хяналт тавьж ажиллана. Жишээлбэл, хууль тогтоомж нь Үндсэн хууль, эх орны эрх ашигт нийцэж байгаа эсэх, авлига, луйвар байгаа эсэхэд хянаж байх юм. Ингэж зохицуулбал, улс төрийн намын хагарал бутрал, зөрчлөөс ангижирна.  


-Гурван сая хүн амтай улсын хувьд хоёр танхим бүхий парламенттай байх нь зохимжгүй гэж зарим эрдэмтэн судлаачид ярьж байна?

-Тэдгээр судлаачид гүнзгий судалж үзээгүй байна. Миний хувьд яг энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч хоёр шатны парламенттай. Тухайлбал, Япон, Итали, Франц зэрэг улс. Өмнө нь хамгийн тохиромжтой, ард түмний эв нэгдлийг хангадаг, улс төрийн намаас хараат бус 330 сумыг төлөөлсөн тэрхүү дээд парламент буюу Ардын Их Хурал ажиллаж байсан цаг үед манай улс эдийн засгийн хүндрэлтэй үеийг ямар ч хямралгүй даван туулсан байдаг. Гэтэл 30 гаруй улс төрийн намтай өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Гурван сая хүн амаа намаар нь талцуулчихсан байна шүү дээ. Ийм улс төрийн мухардмал байдлаас гарах цорын ганц арга бол хоёр шатны парламенттай болох асуудал юм.

Холбоотой мэдээ